УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хөндөж мэдээлэл өглөө.УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан ард түмний элч болон иргэн, улсын ашиг сонирхлыг баримтална гэж УИХ-ын гишүүд бид тангараг өргөж, үүрэг хүлээсэн. Бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлж нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа ноён Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах асуудлыг хөндөж тавих гэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газар 100 хоногт юу амжуулсан талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ 3:3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг маш олон хүчирхэг багийг хожиж дэлхийн аварга болсон. Мөн шатар, бокс, математик, и-спортын The MongolZ баг дэлхий аварга боллоо. Энэ бол Засгийн газрын хийсэн аугаа ажлын нэг байлаа гэсэн. Иймэрхүү хэмжээний мэдэгдэл хийж олон нийтийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.Нөхцөл байдлыг бид дүгнэж үзсэн. Ялангуяа улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар өгч байгаа макро түвшний тоо бүгд худлаа гэдгийг баримттайгаар хэлье. Хүн албан тушаал эрх мэдэлд үлдэх сонирхолтойгоор улайрч болно. Гэхдээ иргэдийг төөрөгдүүлж худлаа мэдээллээр хангаж болохгүй гэдгийг зарчмын хувьд ярья.