Гавж, МБШТөв-Гандантэгчилэн хийдийн дэд хамба Д.Нямсамбуутай хэрхэн сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалах талаар цөөн хором ярилцлаа.
-Монголд буддизмыг ойлгох иргэдийн ойлголт 10 жилийн өмнөхөөс хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
-Миний хувьд бурхны шашныг тайлбарлах ажлыг 17-18 жил хийж байна. Энэ цөмд нь байгаа хүний хувьд дүгнэхэд харьцангуй субъектив буюу эргэн тойрныхноо мэдээлэлд дулдуйдсан байж магадгүй. Гэвч хичээлд хамрагдаж байгаа хүмүүсийн цар хүрээг 10 жилийн өмнөхтэй харьцуулаад харвал, сүсэгтнүүд өөрсдөө бурхны шашнаа ойлгож мэдэх, таних түвшинд зүйрлэшгүй өөрчлөлт орсон гэж бодож байна. Монголын 3.5 сая хүнээс магадгүй 2 сая орчим нь бурхны шашны сүсэгтэй байна. Түүн дотроос бурхны шашны нэлээд гүнзгий эсвэл тодорхой мэдлэгтэй хүмүүсийн тоо хэдэн арван мянгаар хэмжигдэх болсон гэж бодож байна. Жишээлбэл, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн оройн анги гэж бий. Энэ жил 400 орчим мэргэжлийн бус хүмүүс бурхны шашныг илүү гүн гүнзгий мэдэхээр нэг жилийн хугацаанд суралцаж байна. Бусад төвүүдтэй нийлээд зөвхөн нэг жилд 1000 гаруй хүн буддын шашны академийн мэдлэгийг авахаар суралцаж байна. Тэгэхээр өөрчлөлт гарахаас яах вэ. Тухайн хүмүүс зөвхөн өөрсдөө биш гэр бүл болон найз нөхдөдөө дамжуулна гэж найдаж байгаа.
-Буддизмыг сүүлийн жилүүдэд шашин талаас нь гэхээс илүү гүн ухаан талаас нь хардаг болсон юм шиг ажиглагдаад байгаа?
-Буддизм бол гарцаагүй шашин. Бурхны шашинд итгэл үнэмшил, нүгэл, буян, ёс суртахуун, зан үйл, зурхай, анагаах ухаан байдаг нь баримт шүү дээ. Үүнийг байхгүй гэж зүтгэж болохгүй. Бурхны шашны бүх урсгалуудад энэ нь байдаг. Зөвхөн монгол, Төвөдөд биш Шри Ланка, Япон, Солонгос улсад итгэл үнэмшил байна. Энэ баримтыг зөвхөн философи гэж няцаах боломжгүй. Яагаад гэвэл шашин судлалын шинжлэх ухаан өнцгөөс нь харвал энэ нь шашныг өд, сөд наагаад гоё болгож харуулах эсвэл утга учиргүйгээр хараан зүхэх аль нь ч биш. Байгааг байгаагаар нь харахыг хичээж байгаа зүйл. Гэхдээ монголчууд шашнаас холдсон 70 жилийн дотор хамгийн их орхигдсон зүйл бол бурхны шашны танин мэдэхүй, ёс суртахуун. Уг нь энэ нь бурхны шашны цөм сургаал юм. Цөм сургаалаа гээж орхиж байсныг эргээд авч хэлэлцэж байгаа нь үнэн. Бурхны шашинд буддын гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, танин мэдэхүйн арга зүй гэж байна. Шууд итгэ гэж хэлдэггүй юм байна. Бодит баримт, мэдээлэлд суурилаад логикийг ашиглаад таньж, мэднэ гэж үздэг нь өөрийнх нь суурь онол нь. Ёс суртахууныг дээдэлнэ гэдэг хамгийн үнэт, эрхэм зүйл нь юм байна гэдэг рүү шашин сэргэсэн сүүлийн 25-30 жилийн турш анхаарлын төвлөрөл шилжиж байгаа.
-Нийгмийн байдал ороо бусгаа, янз бүрийн аймшигтай хэргүүд их гарч байна. Хүмүүсийн сэтгэл зүй ч үүнийг дагаад айдастай болоод байгаа. Энэ нь юутай холбоотой гэж Та харж байгаа вэ?
-Гэмт хэргүүд өмнө нь гарахгүй байсан гэж хэлж мэдэхгүй. Ард иргэдийн дийлэнхэд байх үнэт зүйл нимгэн болсон нь үнэн. Дэлхий дээр байгаа бүх улсад үнэт зүйл нь шашинтай холбогддог. Ард түмэн нь дийлэнх олонхоороо дагаж мөрддөг аливаа нэг үзэл, номлолтой байх учиртай. Жишээлбэл, Хятадад магадгүй социалист демократ онол байдаг байх. Нийгмийн дийлэнх нь итгэж үнэмшдэг үзэл, онол. Улс төрийн онолоос илүү бүх л бүтэн цаашид томоор нь харах философи онолууд суурь байж олонх нь итгэж үнэмшдэг уламжлалт шашнаас хамааралтай байдаг. Гэтэл бид үүнийгээ юу ч үгүй болтол нь устгаад хаясан шүү дээ. Бүх институт, санхүү, багшийг нь устгаад шинжлэх ухааны коммунизмын онолыг оронд нь байрлуулсан. Тэр нь бас үгүй болсон. Улс төрийн намд итгэе гэхэд тухайн хүмүүс ил гараад бие биеэ үгүйсгэж байна. Өнөөдрийн нөхцөл байдал ийм л байгаа. Тэгэхээр бид юунд итгэж амьдардаг, үнэт зүйл, утга учир нь юу вэ гэдгээ нэлээд алдаад, үүнийгээ дагаад утгагүй айдас, хийрхэл ихсэх хандлага байж болно. Үүний эсрэг Монголчуудын 50-аас илүү хувь, шашин шүтдэг хүмүүсийнх нь 90 орчим хувь нь шүтдэг бурхны шашны философи, ёс суртахуун үүргээ гүйцэтгэх нь эргэлзээгүй.
Бурхны шашны тайлбараар сэтгэлийг тогтворгүй болгодог зүйл бол нисваанис буюу буруу, муу сэтгэл, сэтгэл хөдлөлүүд гэж хэлдэг. Түүнийг тогтоох арга бурхны шашны өнцгөөс бол юун түрүүнд хэт хүчтэй тогтворгүй байдлыг бууруулахын тулд төвлөрлийн бясалгал хийх хэрэгтэй.
Д.Нямсамбуу
-Нийгэмд бухимдал их байгаа энэ үед сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хэрхэн хадгалах вэ. Тэнцвэрт байдал алдагдсанаа хэрхэн мэдэх вэ?
-Нийгмийг хамарсан улс төр, эдийн засаг, итгэл үнэмшлийн хүчтэй хөдөлгөөнүүд, ороо бусгаа байдал хувь хүнд гарцаагүй нөлөөлнө. Хувь хүний өдөр тутмын амьдрал, гудамж талбай, ажлын байр, гэр бүлийн харилцаанд нөлөөлнө л дөө. Түүний эсрэг эдүгээ цагт дэлхий нийтээрээ стресс, депресс, түгшүүрийг бууруулж байгаа эмэн бус, шинжлэх ухаанаар нотлогдсон өндөр үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг нь 2500 жилийн түүхтэй бурхны шашнаас угшилтай барууны майндфүлнесс буюу санамсрын бясалгал. Түүнд тусгагдсан буддын шашны философиос угшилтай ойлголтууд байна. Жишээлбэл, тавгүй зүйлүүд тохиолдож болно гэж хүлээж авах, өөрийгөө болон бусдыг энэрэн нигүүсэх сэтгэл зэрэг нь биднийг илүү тогтвортой сэтгэл зүйтэй болгодог нь нотлогдож байгаа.
-Та бясалгалыг шинжлэх ухаан талаас нь маш их судалж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр бясалгал нь яг ямар үр дүнг өгдөг талаар тодорхой жишээн дээр тайлбарлавал?
-Бясалгалыг юун түрүүнд бурхны шашны номлолын дагуу сурч судалсан. Сүүлийн үед сонирхоод байгаа нь бурхны шашны төвлөрлийн бясалгалын бясалгал. Дараа нь үргэлжлүүлж мэргэшсэн сэдэв бол Оксфордын их сургуулийн багш нарын боловсруулсан майндфүлнесс хөтөлбөр. Үүнээс гарсан судалгааны үр дүн тоймлож баршгүй их. Жишээлбэл, физик түвшинд гарч байгаа өөрчлөлтүүдийг харьцангуй нотлоход хялбар. Тархи дүрс оношилгоо болон электро физиологийн оношилгооны аппаратуудаар шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлийг зохицуулах, цахилгаан долгионд эерэг нөлөө гарч байгаа нь маш олон судалгаагаар нотлогдож байгаа. Мөн сэтгэл зүйн судалгаа маш олон түвшинд хийгдэж байна. Бясалгал хийснээр сэтгэл санаагаар гуньж гутрахыг бууруулж, стресс, депресст тэсвэртэй уян хатан, илүү эерэг сэтгэлзүйтэй, бусдыг хайрлах, энэрэх сэтгэхүйтэй болгож байна. Ингэснээр амьдралын сайн сайхан нэмэгдэж, наслалт уртсаж байгаа гээд олон эерэг дүгнэлтийг эрдэмтэд гаргаж байгаа.
-Хүн болгон сэтгэл зүйн амар амгаланг хайгаад байна. Тэгэхээр сэтгэлийн амар амгалан гэж юу вэ. Түүнийг хаанаас олох вэ?
-Бурхны шашны тайлбараар сэтгэлийг тогтворгүй болгодог зүйл бол нисваанис буюу буруу, муу сэтгэл, сэтгэл хөдлөлүүд гэж хэлдэг. Түүнийг тогтоох арга бурхны шашны өнцгөөс бол юун түрүүнд хэт хүчтэй тогтворгүй байдлыг бууруулахын тулд төвлөрлийн бясалгал хийх хэрэгтэй. Цаашлаад илүү удаан хугацаандаа бол бидэнд тохиолдож байгаа зүйлийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Мөн хүлээн авагч өөрсдийгөө харах өнцөг буюу буддын шашны философийн гол ойлголтууд болох би үгүйн болон дөрвөн үнэний онол зэргийн тусламжтайгаар илүү тогтвортой амар амгаланд хүрч болно гэж бурхны шашинд тайлбарлана.