Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудлын товд оруулна, оруулахгүй

Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудлын товд оруулна, оруулахгүй
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 3
Эрх барьж буй МАН-ын хагарал дээд цэгтээ хүрч, өдөр бүхэн хоёр талаас мэдэгдэл хийдэг болоод байна. Намын даргын суудлын төлөөх хагарлаас болж УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа ч гацаанд ороод цөөнгүй хоног өнгөрлөө.
Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилно гэдгээ зарласан бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулахаар оруулсан. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-д оруулах, эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Уг нь Ерөнхий сайд Г.Занданшатар аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-д танилцуулах хүсэлтээ албан бичигтээ дурдсан гэдгийг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн. Тэрээр "Үндсэн хуульд Ерөнхий сайд танхимаа өөрөө мэдэн бүрдүүлэх заалт бий. Өмнө нь УИХ хүн нэг бүрээр хэлэлцэн томилдог байсан бол 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө мэдэн бүрдүүлэх эрхтэй болсон. Харин Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулдаг болсон. УИХ энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлдэг. Харин шийдвэр гаргадаггүй. Сайд томилох асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулдаг, тов тогтоодог асуудалтай андуурч болохгүй. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, хэвийн үргэлжлэх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайд маш чухал чиг үүргийг хариуцан ажилладаг. Тиймээс томилгооны асуудал шуурхай байх ёстой гэж үзээд албан бичиг, хүсэлттэй энэ асуудлыг аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-д танилцуулах боломжийг бүрдүүлж, Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн " гэсэн юм.
Харин УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж хэлэхдээ "Ерөнхий сайдаас аравдугаар сарын 1-ний өдрийн дугаартай албан бичгээр өчигдөр УИХ-д саналаа ирүүлсэн. Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг. Үүргээ биелүүлж байж, эрхээ эдэлдэг. Өөрөөр хэлбэл, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Энэ хоёр үүргээ хэрэгжүүлж байж, эрх нь хэрэгждэг. Энэ эрхийн хүрээнд Ерөнхий сайд бичгийг УИХ-д ирүүлсэн. Танилцуулахаар ирүүлсэн танилцуулгыг УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэнэ. Өнөөдөр /2025.10.02/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов байхгүй. УИХ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. Тэр тусмаа тухайн долоо хоног бүр Байнгын хороо, Дэд хороо, Түр хороо, Хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхийг товлодог. Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчихсан. Товын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хуралдаад, Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үдээс хойш дэд хороо, ЭЗБХ, ТБХ-ны хамтарсан хуралдаантай. Одоогоор дээрх асуудал товд ороогүй байна" гэсэн тайлбарыг өгөөд байгаа.
Нэг үгээр хэлбэл, ЗГХЭГ-ын зүгээс Ерөнхий сайд танхимын сайдаа томилох асуудлыг Дэгийн тухай хуулиар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй, зөвхөн танилцуулна гэсэн тайлбарыг хийсэн бол УИХ-ын Тамгын газраас Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудал энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй, даргын дэргэдэх зөвлөлөөр шийднэ гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.
Тэгвэл долоо хоног бүрийн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр УИХ-аар дараагийн 7 хоногт хэлэлцэх асуудлын товыг тогтоодог. Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ирэх 7 хоногт хэлэлцэх асуудлын товыг тогтох юм. Тэгвэл Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүйн сайдаар томилохыг танилцуулах асуудлыг ирэх 7 хоногийн чуулганд оруулах, үгүй нь өнөөдөр тодорхой болно.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн