УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх эсэх асуудлаар МАН-ын Хяналтын ерөнхий хороо аравдугаар сарын 1-ний өдөр хуралдсан билээ. Тус хорооны 13 гишүүн Б.Энхбаярт хариуцлага тооцож, МАН-аас хөөхийг дэмжиж, 1 гишүүн дэмжээгүй бөгөөд ийн олонхын саналаар түүнийг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэнд тооцсон. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нарын гишүүд эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: МАН бол 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмнийхээ төлөө ажиллана, авлигатай тэмцэнэ гэж уриалж, сонгогдсон. Тийм учраас төрийн эрх барьж байгаа МАН шударга, ёс зүйтэй, хууль, дүрмийг чанд хэрэгжүүлж ажиллах ёстой гэж бид үзэж байгаа. Бидний хувьд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ, авлигаас ангид байна гэж тунхагласан. Тэрнээс биш албан тушаалын төлөө арсалдан, тэмцэлдэнэ гэж сонгуулиар амлаагүй. Ард түмний амьдрал хүнд цалин, тэтгэвэр нэмэх шаардлагатай, ажлын байр хэрэгтэй байна гэж байхад манай эрх барьж байгаа нам албан тушаалын төлөө дүрэмгүй тоглолт хийж болохгүй. Улс төрийн ууган намын хувьд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой гэдэг шаардлагыг бид намын гишүүний хувьд шаардаж байна. Өөрөөр хэлбэл, Хяналтын ерөнхий хороо Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бид УИХ дахь МАН-ын бүлгээс, цаашид намаасаа гарах хүртэл шаардлага тавина гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Шударга ёсны төлөө тэмцсэн гишүүдээ хөөж гаргадаг дарангуйлал байж болохгүй