УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ нүүрсний хулгайтай тэмцэхийг эрчимжүүлэх ажлын хүрээнд намайг Хууль зүйн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д танилцуулах процесс өнөөдөр хийгдэнэ. Тийм учраас УИХ-д танилцуулагдсаны дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ. Манай намын Хяналтын хороо үүр, шөнийн заагаар хуралдаж, намайг МАН-аас хөөсөн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж сонссон.Нэгдүгээрт, энэ бүтэц, бүрэлдэхүүн Үндсэн хуулийн чадамжгүй гэдгийг хэлье.Хоёрдугаарт, Хяналтын хорооны 4-5 хүн нь 2024 оны арванхоёрдугаар сард УИХ-аас зохион байгуулагдсан нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдаж байсан хүмүүс байсан гэдгийг өчигдөр л мэдлээ. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө. Энэ өдрүүдэд олон зүйл тодорхой болж байна. Би долоон хоногийн өмнө ярилцлага өгсөн. Долоон хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Учир нь хэн нь нүүрсчид буюу нүүрсний хулгайтай холбоотой гэдэг нь тодорхой болж байна. Өөрсдөө гарч ирж илчлэгдэж байна. Энэ ямар хэмжээний улс орныг хэрсэн, эрх мэдэл сүлэлдсэн, худалдаж авсан, ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийн оройд залрахад улайрч яваа зэрэг олон зүйлийг илчилж байна. Энэ бол Монголын ард түмний ялалт. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэнчлэн нүүрсний хулгайтай тэмцэнэ. Үүнийг цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, хүүхдүүдийн сурах боломж, Монголын ирээдүйг хулгайлж байгаа хулгайчтай хийх тэмцэл гэж ойлгох ёстой.