Монголын боловсролын салбарт шинэ соёл, шилдэг сурах арга барилыг нутагшуулж буй Шинэ Монгол сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.
Тэртээ 25 жилийн өмнө буюу 2000 онд Монгол, Япон олон хүний өгөөмөр тусламж хичээл зүтгэл, итгэл сэтгэлээр эхлүүлсэн Шинэ Монгол сургууль өнөөдөр хамтын хөдөлмөр, тасралтгүй зүтгэлийн үр дүнд Монголын боловсролын салбарт өөрийн өнгө төрхтэй, онцлог хөтөлбөртэй, ололт амжилттай сургууль болжээ.
Шинэ Монгол сургуулийн хамт олон 25 жилийн ойгоороо сурагчдаа өв тэгш хөгжүүлж, бие, сэтгэл, амьдрах ухааны боловсрол олгох алтан гурвалжин хөтөлбөр, багш хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж ирсэн менежментээ онцолж, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийж байгаа ажээ.
Шинэ Монгол сургуулийн алтан гурвалжин
Шинэ Монгол сургуулийн Сургалтын менежер Г.Ганзориг “Алтан гурвалжин” хөтөлбөрийн онцлогийг дараах байдлаар тайлбарласан юм.
Шинэ Монгол сургуулийн хөтөлбөр нь “Алтан гурвалжин” хэмээх саруул ухаан, сайхан сэтгэл, эрүүл бие гэсэн гурван талт, тэгш хэмт цогц хөтөлбөрт нэгтгэгддэг онцлогтой.
САРУУЛ УХААН буюу Оюун ухааны боловсрол олгох судлагдахуун бүрийн онцлогтой баяжуулсан сургалтын хөтөлбөрүүдтэй. Бага сургуульдаа хялбараар уншиж, бичиж сурах өөрийн гэсэн арга зүйтэй, математик сонгон, бүжиг, мэдээллийн технологийн нэмэлт хөтөлбөртэй. Дунд сургуульдаа олон улсын англи хэлний оксфорд хөтөлбөр, өөрийн япон хэлний хос хөтөлбөр, байгалийн ухааны хичээлүүд туршилтад суурилсан, хөгжмийн хөтөлбөр нь бүх сурагч дуулах, хөгжимдөх, бүжиглэх чадвар суулгах, өөрөө бие даан суралцах цагийн хөтөлбөртэй. Ахлах сургуульдаа олон улсын англи хэлний оксфорд хөтөлбөр, онцлогтой япон хэл зэрэг гадаад хэлний хос хөтөлбөр, мэргэжил сонголтын байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн судлах анги сонгон, мөн хавар, зун, намар, өвөл гэсэн хичээлээс гадуур нэмэлт сургалт дэмжсэн хөтөлбөртэй.
САЙХАН СЭТГЭЛ буюу Зүрх сэтгэлийн боловсрол олгох амьдрах чадварт суралцах хөтөлбөрүүдэд 1-12-р ангидаа танхимын бус зохион байгуулалтаар явагддаг. Бага сургуульдаа “Би том болж байна”, “Боролдой”, дунд сургуульдаа Шинэ Монгол скаут хөтөлбөр, ахлах сургуульдаа “Цэрэг”, “Говь”, “Намрын ажил” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
ЭРҮҮЛ БИЕ буюу Бие бялдрын боловсрол олгох спортын секц, урлагийн дугуйлан, бие даан хөгжих цаг, сурагчдын өөрөө удирдах клубууд зэрэг бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй. Сургуулийн хөтөлбөрийн үр дүн төгсөгчдөөр хэмжигддэг тул зөвхөн сургалтад тулгуурласан саруул ухаантай, өндөр мэдлэгтэй иргэн бэлтгэх гэхээс илүүтэй сайхан сэтгэлтэй, эрүүл биетэй өв тэгш бие хүнийг бүтээхийг сургуулийн ил ба далд хөтөлбөртөө тусгаж хөтөлбөр бүр нь нэг нэгнээ дэмжсэн уялдаахолбоотой байдаг тул өдөр бүрийн үйл ажиллагаа, багш ажилтан бүрийн хичээл зүтгэл нэг зорилгод нэгтгэгддэг онцлогтой аж.

Шинэ Монгол сургуулийн захирал Н.Лхагвадорж: Сургуулийнхаа хүрсэн амжилтын заримаас дурдвал, улсын хэмжээнд бүх хичээлээрээ улсын олимпиадын медальтай анхны сургууль, математик, байгалийн ухааны бүх хичээлээр олон улсын олимпиадын медальтай гурван сургуулийн нэг, олон улсын математикийн олимпиадын аваргатай дөрвөн сургуулийн нэг, химийн олимпиадын мөнгөн медальт гурван сургуулийн нэг, сагсан бөмбөг, хөгжөөн дэмжигч багийн сурагчид улсын аварга болж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсон, цэнгээт бүжиг, ардын бүжиг төрлүүдээр улсын аварга болсон зэрэг амжилтуудыг онцолж байна.
Манай хамт олон ирэх таван жилд цогц хөтөлбөрөө улам боловсронгуй болгож, бидний араас төрөн гарах олон, олон Шинэ монголчууддаа түгээх, улсын хэмжээнд нэвтрүүлэх, Монголдоо төдийгүй олон улсад таниулах том зорилтыг дэвшүүлээд байна. Энэ бол Монголын боловсролын үнэ цэнийг дэлхийд хүргэх алхам юм гэлээ.
Шинэ Монгол сургуулийн багш, ажилчид, сурагчид, үе үеийн төгсөгчдөд 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.