Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ эдэлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилно гэж 2025 оны 9 дүгээр сарын 30-нд мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн араас Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан гарч, сайдын томилгоог УИХ-д танилцуулах хуулийн процессын ажил гацаад байна. Тэгвэл Үндсэн хууль болоод УИХ болон Дэгийн тухай хуульд Засгийн газрын гишүүний томилгоог хэрхэн явуулахаар тусгасан байдгийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлан хүргэе.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103.1-д “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тухайгаа Улсын Их Хурлын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно” гэж, 103.3-т “Энэ хуулийн 103.1-д заасан асуудлаар Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” гэж тус тус заажээ.
Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тов тогтоолгох тухай албан бичгээ 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн байна.