Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Төрийн ордонд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акц эхэлжээ

Төрийн ордонд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акц эхэлжээ
Нийтэлсэн 2025 оны 10 сарын 1
МАН-ын даргын асуудалтай холбоотой маргаан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулах эрсдэлтэй болжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр улс төрийн мэдэгдэл хийсэн. Тэрээр "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд холбогдсонд итгээгүй ч Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойд шалгалт явуулахад холбогдсон нь үнэн байна" гэж мэдэгдсэн. Түүнчлэн, нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо гэж мэдээлсэн билээ. Тэгвэл эл мэдэгдлээс хойш Төрийн ордонд тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Г.Занданшатарыг огцруулах акцыг эхлүүлжээ. Үндсэндээ УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн хоёр хуваагдаж, эрх баригчдын хагарал улам гүнзгийрэв. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэлээ бичиж, гишүүдээс гарын үсэг зурах эсэх талаар санал асууж эхэлсэн гэдгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлд яриа өгөхдөө илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Бодит үнэн юу гэвэл намынхаа асуудлыг намынхаа дүрмийн дагуу шийдэж явахгүйгээс үүдэлтэйгээр энэ асуудал нь төрийн хямрал болно. Мэдээж зарим нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулна гэнэ. Энэ яриа өчигдрөөс Төрийн ордонд яригдаад, үндэслэлийг нь бичээд эхэлсэн байна лээ. Миний байр суурийг мөн асуусан. Би учир байдлын талаар эхлээд мэдээлэлтэй болъё, орон нутагт ажиллаад өчигдөр ирсэн гэдгээ хэлсэн. Улс төрийн бодит өрнөлд дүгнэлт өгч байгаад байр сууриа илэрхийлнэ. Энэ уг нь болохгүй асуудал юм. Намдаа асуудлаа шийд л дээ. Ингэж заавал төрийн зовлон болгож, УИХ-ын гишүүдийг хувааж, тэр тусмаа төсөв хэлэцэх үе бол УИХ-ын гишүүдийн хувьд маш хариуцлагатай, сахилга баттай оролцох цаг үг. Энэ огт болохгүй.
Нөгөө талд Засгийн газар, Ерөнхий сайдын ажлыг сайхан, гоё яриагаар биш тоо баримтаар дүгнэнэ. Муу юмыг тогтвортой байлгах ямар шаардлагатай юм. Мууг нь мэдвэл үтэр түргэн солих хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, хэрвээ засаг төрийн асуудал орж ирвэл өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаанд таатай хандахгүй. Ялангуяа бүтэц, бүрэлдэхүүнд маш чадамжгүй сайд нар ажиллаж байна. Ажлаа хийж чадахгүй юмнуудыг хараад уур хүрээд байна. Сайд нар нь гоё, мундаг, зөв ярих юм. Гагцхүү үйлдэл нь буруу, хийж хэрэгжүүлэх арга зам, шийдлээ мэддэггүй юм байна. Сүүлдээ энэ чадамжгүй юмнуудыг харж, хий эргэж коридороор холхиж байхын оронд асуудлыг атгаж аваад гайхамшгийг үзүүлмээр байна. Жижигхэн улс, жижигхэн эдийн засаг ш дээ, юу нь болдоггүй юм гэлээ.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн