Монголын цахим хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн өнгө төрх, нийтлэлийн бодлого, контентоороо ялгарч ажиллах зорилготой ажилладаг iToim.mn, Ubn.mn, Graph.mn, Pluma.media-ийн редакц Voyager AGI компани хамтран хиймэл оюун ухаант уншигчийн туслах үйлчилгээг нэвтрүүллээ. Ask Voyager AI Assistant нь AI-н тусламжтай таны уншиж буй мэдээ, нийтлэл, контентын агуулгын талаар баталгаатай эх сурвалж бүхий баримт, нотолгоонд суурилсан илүү өргөн цар хүрээтэй мэдээлэл, өөр өнцгүүд, шинэ мэдлэгийг санал болгох юм.

Э.Мөнхцэцэг
iToim.mn сайтын Ерөнхий эрхлэгч Э.Мөнхцэцэг энэ талаар “Уншигчид зөвхөн сэтгүүлчийн нийтэлсэн, редакцын санал болгосон өнцөг, агуулгаар мэдээллийг хүлээн авдаг. Харин AI-д суурилсан хэрэглэгчийн туслах үйлчилгээг нэвтрүүлснээр бид уншигчдадаа илүү олон эх сурвалжаас баталгаатай мэдээлэл хүлээн авах боломжийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, технологийн шийдлийн тусламжтай уншигчид мэдээллийн хэрэгцээгээ зөвхөн нэг урсгалаар бус богино хугацаанд олон талаас хүлээн авах боломж бүрдлээ” гэсэн юм. Цахим хэвлэл мэдээллийн уншигчдад мэдээлэл хүлээн авах шинэ соёл, мэдээллийн илүү хариуцлагатай хэрэглээг түгээх зорилготой энэхүү үйлчилгээг Монголын Voyager AGI стартап компани хөгжүүлж, сэтгүүлзүйн салбарт нэвтрүүлсэн байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
Уншигчид: Сайтад нийтлэгдсэн контентыг унших явцдаа AI-аас баталгаатай эх сурвалжид тулгуурласан илүү дэлгэрэнгүй мэдээлэл, дүгнэлт, тоо баримт авах.
Хэвлэл мэдээллийн редакц: Контентын үнэ цэнийг нэмэгдүүлж, уншигчийн оролцоо, эргэх холбоог сайжруулах.
Иргэд, олон нийт: Баримтад суурилсан мэдээлэлд тулгуурлан нийгмийн асуудлыг илүү өргөн хүрээнд ойлгох боломжтой болох юм.

Ц.Чандмань-Эрдэнэ
Voyager AGI компанийн Гүйцэтгэх захирал Ц.Чандмань-Эрдэнэ энэ талаар “Монголын цахим хэвлэл мэдээллийн орчинд AI шийдлийг ийнхүү нэвтрүүлснээр мэдээллийн ил тод байдал, уншигчдын оролцоог дараагийн түвшинд хүргэнэ гэж бид итгэж байна. Бидний шийдэл мэдээлэл хүлээн авах соёлыг өөрчлөөд зогсохгүй, мэдээллийн эрүүл ахуйг сайжруулж, иргэдийн мэдэх эрхийг хангах нэг чухал хөшүүрэг болж чадна гэж найдаж байна” гэж онцоллоо.
Ask Voyager AI Assistant нь цаашид олон нийтэд хүртээмжтэй “Public Credit” загвар болон төрийн нээлттэй өгөгдлийн аналитик “Voyager Transparency” үйлчилгээг нэвтрүүлж хэвлэл мэдээллийн салбарын бизнесийн тогтвортой санхүүжилтийн шинэ боломжуудыг нээхээр зорьж байна.
Уншигч та энэхүү үйлчилгээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг iToim.mn-д байршсан Ai-Toim - AI туслахаас асуух боломжтой.