Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Ш.Хонгорзул: Үе тэнгийн дээрэлхэлт охидын дунд хов жив хэлбэрээр дэлгэрч байна

Ш.Хонгорзул: Үе тэнгийн дээрэлхэлт охидын дунд хов жив хэлбэрээр дэлгэрч байна
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 30
Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нэр томьёо монголчуудын гэлтгүй бусад улс орны иргэдэд ч нийтлэг ойлголт болоод байна. Иймд сэтгэл зүйч, СЭЗИС-ийн сэтгэл судлалын багш Ш.Хонгорзултай үе тэнгийнхний дээрэлхэлт, түүнийг хэрхэн бууруулах талаар ярилцлаа.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд их сонсогдох боллоо. Энэ нь юутай холбоотой гэж та харж байгаа вэ?
-Үндсэн суурь шалтгаан нь эцэг эхийн хайр, халамж юм. Хайр дутаж өссөн хүүхэд хүнийг энэрэн хайрлах сэтгэл байхгүй учраас харгис, хэрцгий үйлдэл хийдэг. Сүүлийн үед эмэгтэй хүүхдүүд үе тэнгийнхнийгээ дээрэлхэх тохиолдол их гарч байна. Охидын үсийг зулгааж, сормуусны болон уруулын будгаараа нүүрээр нь баахан зураад, хамгийн сүүлд нь нүүрийг нь угаагаад, үсийг нь самнаад гаргадаг.  Хүний сэтгэл зүйн асуудлын асуудлын шалтгаан эцэг, эх. Хүүхдэд хайр, анхаарал хэрэгтэй. Ямар нэгэн асуудал гаргаж байгаа хүүхдүүдийг харахад дандаа ээж, аавтайгаа хамт амьдардаггүй бай тохиолдол их. Элэг бүтэн биш гэр бүлд байгаа хүүхдүүд хамгийн их асуудал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, дутуугийн мэдрэмжтэй хүүхдүүд гэсэн үг. Хүүхэд болгон ээж, аавтай байхад тухайн хүүхэд ээж, аавгүй байгаа нь дутуугийн мэдрэмж үүсгэж байна. Түүнийгээ даван туулахын тулд ээж, аавтайгаа байгаа хэн нэгнийг дээрэлхэж, зодож сэтгэл зүй хэрэгцээ эгогоо тэжээж байгаа гэсэн үг.
-Дээрэлхэлтийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж та хардаг вэ?
-Юун түрүүнд сургалт хүмүүжлийг ажлыг ЕБС-уудад маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Боловсролын шинэ хуулиар 2022 оноос хойш сургууль, цэцэрлэг бүр сэтгэл зүйчтэй байх ёстой болсон. Гэхдээ бодит байдал дээр сургууль бүр сэтгэл зүйчтэй байж чадахгүй байна. Яагаад гэвэл:
Нэгдүгээрт, орчны асуудал байгаа юм. Улсын сургуулийн анги танхим хүрэлцээгүй, багш нар өрөөгүй байхад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө байхгүй. ЕБС-д сэтгэл зүйчээр ажиллах хүндрэлтэй.
Хоёрдугаарт, улсын сургуульд 1000-с дээш хүүхэд байдаг учраас ажиллахад хэцүү. Үүнд ганцхан сэтгэл зүйч хүртээмжийн хувьд яагаад ч хүрэлцэхгүй.
Миний хувьд оюутнуудаа ЕБС руу дадлагад явуулахаар 1-12 -р ангийн бүх багш нар ангидаа сургалт авъя гэдэг. Ганцхан сэтгэл зүйч бүгдэд хүрэлцэх боломжгүй учраас сэтгэл зүйн албатай байх хэрэгтэй. Хамгийн багадаа бага, дунд, ахлах ангиа хариуцсан гурван сэтгэл зүйч байх нь зүйтэй. Сэтгэл зүйчид бага, өсвөр нас, гэр бүл хосын харилцаа гээд өөр өөрсдийн чиглэлээр мэргэшдэг. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр явж байгаа хүн бага насныхантай ажиллана гэхээр арга зүйн хувьд өөр болохоор хэцүү. Үүнээс болоод сэтгэл зүйчид сургуульд ажиллахгүй гэдэг сонголт хийж байна. Нөгөө талд цалингийн асуудал бас бий.
-ЦЕГ-аас “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” гээд компанит ажил хийсэн. Үүнийг та хэрхэн харсан бэ?
-Нийгмийн компанит ажлууд тодорхой сегментэд үр дүнгээ өгдөг. Гэхдээ масст үр дүн өгөх нь ховор. Зөвхөн Улаанбаатар хотод “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” уриалга хүчтэй явсан бол хөдөө орон нутгийнхан сонсоогүй, мэдээгүй. Гэтэл хөдөө сум, аймгийн төв дээр үе тэнгийн дээрэлхэлт хамгийн их болдог.
-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз нөхөд, үерхэл их чухал байр суурь эзэлдэг. Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ нөхөрлөлд хэрхэн хандах нь зүйтэй вэ?
-Үе тэнгийнхний найз нөхдийн харилцаа хамгийн чухал байдаг. Эцэг, эхээс илүү сайн, дотнын найзтай , ахлах ангийнхан бол найз охин, хөвгүүнтэй байх нь чухал. Энэ нь үе тэнгийнхэн дундаа өөрөөрөө бахархах үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр хэнтэй найзалж байна гэдэг чухал. Эцэг, эх хүүхдээ хэнтэй найзалж байна гэдгийг сайн хянадаг байх хэрэгтэй. Тухайн найзынх нь эцэг, эх нь ямар харилцаатай талаар судлах нь зүйтэй. Хүссэн, хүсээгүй нэгнийгээ даган дуурайж суралцдаг учраас аав, ээж нь битгий, болохгүй гэж хориглоод нэмэргүй. Тэгэхээр хүүхдээ хэнтэй найзалж, хаана юу хийж явж байна гэдэгт анхаар. Хүүхдийнхээ найзын ээж, аавыг судалж, мэдээлэл солилцож байх хэрэгтэй.
-Өсвөр насны хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч ямар арга барилаар хандах ёстой байдаг вэ. Мэргэжилтний хувьд зөвлөгөө өгөхгүй юү?
-Ямар ч хүчирхийлэгч, дээрэмчин, гэмт хэрэгтэн ч бай хүүхэд эцэг, эхийнхээ өмнө хамгийн сайн дүр төрхөө харуулдаг. Хүүхэд болгонд ээж, аавыгаа зовоохгүй, хайрлах гэдэг сэдэл нь байдаг учраас ямар ч муухай дүр төрх, асуудлаа хэлэхгүй. Эцэг, эхчүүд хүүхдэдээ бүх зүйлийн учир шалтгааныг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны охидын үе тэнгийн дээрэлхэлт охидын дунд дийлэнхдээ хов жив хэлбэрээр байна. Ахуйн чанартай ховоос үүдэлтэй үе тэнгийн дээрэлхэлт үүсдэг. Энэ үед эцэг, эхчүүд эмэгтэйчүүд учир шалтгааныг тайлбарлах нь зүйтэй. Тухайлбал, эмэгтэйчүүдийн дунд нэг нэгнийгээ гадаад төрх, өмссөн хувцсаар нь ярих үед гардаг. Энэ үед чамд таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа ч гэсэн хэн нэгнийг ямар нэгэн байдлаар бэртээж, гэмтээж, тарчлан зовоож болохгүй. Харин хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг харилцааны аргаар шийдэх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өгөх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн