АН-аас улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. МАН-ын даргын маргаан, эрх баригчдын хагарал талцал нь Монголын төрийн зовлон болж, цаашлаад УИХ, гүйцэтгэх засаглалын ажлыг гацаана гэж үзэж буй. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон асуудлаа нэг тийш болготол УИХ-ыг даргалахгүй байхыг, мөн МАН-ын даргын асуудал албан ёсоор шийдэгдэх хүртэл Засгийн газрыг 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төсвийн төслөө эргүүлэн татахыг шаардсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан 2016 оны төсвийн төслийг эргүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж мэдээллээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Хугацаатай ажил хугацаандаа явж байна. Есдүгээр сарын 15-нд 2026 оны төсвийн төсөлтэй танилцах эхний хэлэлцүүлэг амжилттай болсон. Түүнээс хойш хоёр долоо хоног дамнан УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр жишээ нь таван байнгын хорооны хурлаар 2026 оны төсвийн хэлэлцүүлэг явна. Тасалдсан зүйл алга, тасалдах ч учиргүй гэж бодож байна. Хуульд заасан хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсөв батлагдах учиртай.
Төсөв бол УИХ-ын жил бүр батлах ёстой томоохон актуудын нэг. Энэ төсвийг баталж байж ирэх жилийн төлөвлөгөөт болон төрийн ажлууд явна, хувийн бизнес, хөрөнгө оруулагчид ажлаа төлөвлөнө, баялаг бүтээгчид ирэх жил биднийг ямар эдийн засаг хүлээж байна вэ гэдгийг хардаг эдийн засгийн амьдралын толь нь төсөв. Тиймээс хугацаатай ажил хугацаандаа явах ёстой.
Ер нь 2026 оны төсвийн төслийг эргүүлэн татах нөхцөл үүсэхгүй. Хэрвээ засаж янзалж, өөрчлөх зүйл байвал энэ нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ирэх долоо хоногоос хоёр дахь хэлэлцүүлэг буюу санал хураадаг хэлэлцүүлэг эхлэхээр өөрчлөх, засах зүйл хийгдэх боломжтой болно.