Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр Эрдэнэс Тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажлыг эхлүүлж нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. Эдийн засгаа сэргээнэ гэдэг нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан. Энэ бүхэн нүүрсний үнэ буурснаас шалтгаалсан байсан. Ажлаа аваад түүхэндээ анх удаа улсын төсвөө 2.2 их наядаар хэмнэсэн төсвийн тодотголыг хийсэн. Есдүгээр сарын байдлаар эдийн засаг сэргэсэн. Наймдугаар сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрсэн. Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6, биржийн тээвэр 1.5, экспорт 1.2, үр ашиг нь 3, орлого 1.3, олборлолт 1.1 дахин өссөн. Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн. Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувь болж өсөж, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт нэмэгдэж эерэг үзүүлэлт гарсан. Тэнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг 18 км цаана яагаад байгуулав. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болгож буулгасан. Бид долдугаар сарын 19-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчхаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчхаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр үр ашиггүй байсан. Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядаас их орлогыг Монгол Улсад оруулах байлаа. Гэвч энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байна. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг төсөвтэй хамт УИХ-д өргөн барьсан.
Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандран нэр дэвшихээ илэрхийлж мэдэгдэл хийж эхэлсэн.
Та бүгд санаж байгаа бол ард иргэд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. Тухайн үед Б.Энхбаяр Хууль зүйн сайд байхдаа нүүрсний сонсгол зохион байгуулж байв. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдсон байсан.
Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёс дээр тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй. Монгол Улсын Ерөнхий сайд би Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо гэлээ.