Ирэх аравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд намрын шүлхийн дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) төлөвлөжээ. Шүлхий нь мал сүрэгт хурдан тархаж, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг халдварт өвчин тул улирал бүрийн дархлаажуулалтыг тасралтгүй хийх шаардлагатай юм.Гэвч малын эмч нар хаврын шүлхийн дархлаажуулалтын үеэр үзүүлсэн үйлчилгээний хөлсний үлдэгдэл болох 50 хувийн санхүүжилт өнөөдрийг хүртэл олгогдоогүй учир намрын дархлаажуулалтын ажилд оролцох боломжгүйгээ мэдэгдээд байна. Тэдний хэлж байгаагаар өнгөрсөн долдугаар сард Төрийн сангаас “санхүүжилтийн эрх нээгдсэн” тухай мэдэгдэл гарсан боловч бодит олголт хийгдээгүй хэвээр байгаа аж.МЭЕГ-ын мэдээлснээр Монгол Улсад жил бүр хавар, намрын улиралд мал сүргийг шүлхий, цэцэг, боом зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийдэг. Дархлаажуулалтын ажил гацах нь малын өвчлөл нэмэгдэх, улмаар малын гаралтай бүтээгдэхүүний экспортод ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй. Учир нь малын эрүүл мэндийн баталгаажуулалт нь олон улсын худалдааны гол нөхцөлүүдийн нэг юм.Иймээс малын эмч нарын цалин, үйлчилгээний хөлсийг хугацаанд нь олгох нь зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх асуудал бус, улс орны хүнсний аюулгүй байдал, экспортын найдвартай байдлыг хангах чухал нөхцөл болохыг салбарынхан онцоллоо.