Монгол Улсын төсвийн орлогод уул уурхайн салбарын эзлэх хувь өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш уул уурхайн салбарын улсын төсвийн орлогод эзлэх хувь 25-30%-тай байж ирлээ.
Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байгаа энэ салбарт сайн дэвшилтэт зүйл олон ч шийдэх ёстой тулгамдсан асуудал байсаар байна. Байгаль орчны доройтол, нутгийн иргэдийн эрх ашгийн зөрчил, төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, түүнийг дагасан авлигал, албан тушаалын хэрэг гээд салбарын тулгамдсан асуудлууд бий. Зоосны нэг талд улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч- тэжээгч гэсэн утга байгаа бол зоосны нөгөө талд хүн болоод байгальд ээлтэй, хуулиа дээдэлсэн- хариуцлагатай уул уурхай гэсэн утга цуг явж буй. Уул уурхайн салбар хөгжихийн хэрээр энэ хоёр утгын тэнцвэрийг барих буюу хайр, хариуцлага хоёрыг тэнцвэржүүлэх шаардлага улам тодорч байна.
Монголчуудад бидэнд байгалиас заяагдсан баялгийн хуваарилалтыг Үндсэн хуулийн заалтад нийцүүлэх Монгол төрийн бодлого чухамхүү хайр, хариуцлага хоёрыг тэнцвэржүүлэх явдал юм.
Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.