Засгийн газар орон сууцжуулалтын дагнасан банк байгуулж, жилийн 6-13 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгон, эхний ээлжид 80 мянган өрхийг орон сууцанд хамруулах зорилт тавьснаа зарласан. Тэгвэл Орон сууцжуулалтын банкийг Төрийн банкийг түшиглэн байгуулахаар судалж байсан ч өөрчилжээ. Харин гаднын байгууллагуудыг тодорхой хэсэгт нь оруулах бөгөөд арилжааны банкууд дээрээ түшиглэн ипотекийн зээлээ олгох хувилбарыг ярьж байгаа аж.
Ингэхдээ Ирээдүй өв санд хуримтлагдаад байгаа 1.3 тэрбум ам.доллар буюу гурван их наяд төгрөгийг орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулж, мөнгөө өсгөхөөс гадна Улаанбаатарын гэр хорооллыг 50 хувиар бууруулна гэж үзэж байгаа аж. Манай улс Ирээдүй өв сангийн хөрөнгийг гаднын банкинд гурван хувийн хүүтэй хадгалуулдаг байна. Харин өөрсдөө зээл авахдаа 10 хувийн хүүтэй зээл авч байгаа учраас сангийн хөрөнгийн тодорхой хувийг орон сууцны зээлийн эх үүсвэрт зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Арилжааны банкны ашгийн 53 хувийг ипотекийн зээл бүрдүүлдэг бөгөөд эргэн төлөлт 99.5 хувьтай маш чанартай зээл байдаг учраас Ирээдүй өв сангийн хөрөнгө эрсдэлд орохгүй. Ингэхдээ 50 хувьд нь Ирээдүй өв сан, 25 хувьд нь гаднын банк, 25 хувьд нь арилжааны банкуудыг оруулах бөгөөд арилжааны банкууд дээр түшиглэн орон сууцны зээлийг олгох аж.
Өнгөрсөн хугацаанд 137.841 иргэнд 9.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг олгосон ч гэр хорооллын иргэдээс орон сууцанд орсон нь тун цөөн аж. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдийн орлогод нийцсэн орон сууцыг барина. Хөнгөлөлттэй зээлийг орон нутаг болоод нийслэлийн гэр хороололд баригдсан орон сууцанд түлхүү олгож, яндангийн тоог бууруулна гэдгийг онцолж байгаа юм.
Манай улсын Ирээдүй өв сангийн хууль Норвегийн хуулийг тэр чигт нь хуулсан бөгөөд өнөөдрийн цаг үед нийцэхгүй гэж Засгийн газар үзэж байгаа аж. Учир нь Норвег нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог, иргэдийнхээ анхдагч хэрэгцээг хангасан улс учраас өнөөдөр олж байгаа орлогынхоо тодорхой хувийг ирээдүй үедээ хадгалж байгаа. Харин манай улс утаа, түгжрэл, орон сууц гэх мэт иргэдийнхээ анхдагч хэрэгцээг хангаж чадаагүй нөхцөлд эхлээд эдгээр асуудлуудаа шийдэх шаардлагатай. Тиймээс Засгийн газар удахгүй бодлогын баримт бичиг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлдэж байгаа аж.