Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл өглөө. Тэрээр Улаанбаатар дулааны сүлжээ иргэд, ААН-ийг дулаанаар хангахад ямар нэгэн доголдол байхгүй, дулааны үнийг 2025 он дуустал нэмэхгүй гэсэн юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарын 27 төрийн өмчит компани бий. Цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц дунджаар 71 хувьтай байна. Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай явж байгаа. Гуравдугаар цахилгаан станц дээр дутагдаж байгаа эх үүсвэрийг ТЭЦ 4, Амгалан дулаан станц руу шилжүүлсэн. Орон сууцны компаниудын хүсэлтээр есдүгээр сарын 15-наас эхлээд дулаанд холбож эхэлсэн. Улаанбаатар дулааны сүлжээ ААН, иргэдийг дулаанаар хангаж эхлэхэд бэлэн. Ямар нэгэн доголдол байхгүй. Дунд нь түгээх үйлчилгээ үзүүлдэг орон сууцны компаниудад асуудал гаргаж үгүйсгэхгүй. Тодорхой асуудал байвал шийдэж өгч болно.
Дулааны төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатайг иргэд ойлгох хэрэгтэй. Өртэй айл, компаниудыг дулаанаар хангахгүй байгаа. 2025 оны шөнийн тарифын хөнгөлөлтийн эх үүсвэр төсөвт суусан. Мөн 2026 онд ч шөнийн тарифын хөнгөлөлтийг улсын төсвөөс эрчим хүчний салбарт олгоно. Энэ жил 81 тэрбум төгрөгийг шөнийн хөнгөлөлтөд зарцуулах тооцоололтой байна. Харин 2026 онд 104 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ улсын төсвийн төсөлд 81 төгрөгийг тусгасан.
Дулааны үнийг 2025 он дуустал нэмэгдэхгүй. Энэ хугацаа дуусахаар дулааны үнэ нэмэх эсэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо бие дааж шийдвэр гаргана.