"Халзан бүрэгтэй" орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол болж байна. Сонсголд оролцохоор Ховд аймгаас 60 иргэн ирснийг даргалагч мэдээлж, иргэд үгээ хэллээ.
Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн малчин н.Оюунчимэг: Малчин бидний амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйн салбар нь уул уурхайтай зэрэгцэн орших ямар ч боломжгүй гэж ойлгож байна. Ийм учир мал сүргээ маллаж амар тайван амьдрах үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх, эх орныхоо ирээдүйд итгэл төгс амьдармаар байна. Малчин бидний эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Бид ургуулдаг хөрстэй, ундаалдаг рашаантай, сүү өргөж сүсэглэдэг хайрхантай, эрүүл аюулгүй орчинд тайван амьдармаар байгаа юм.
Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн малчин Ч.Алтангадас: Бид нутагтаа жаран, жарныг дамнан амьдарч ирсэн. Бидний өвөг дээдсийн цагаас ургийн гажигтай мал, хүнд гаж нөлөөтэй зүйлс, байгалийн ган, зуд тохиолдож байгаагүй.
“Халзан бүрэгтэй” ууланд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дээр дурдсан ургийн гажигт нөлөөтэй, холбоотой зүйлс илэрсэн. Мөн тэр ууланд, нутагт байдаг аргал, янгир, шувууд дайжин алга болсон. Хулгана, зурам, оготно, могой, туулай үгүй болсон.
Ургийн гажигтай төлийг холбогдох байгууллагад нь хүргүүлэн өгсөн. Гэвч уран болон газрын ховор элементийн хор уршгийг нотлох лаборатори Монголд байхгүй гэж Мал эмнэлгийн хэлтсийн дарга нь тайлбарласан.