“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах хяналтын сонсгол болж байна. Халзан бүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос анх судалж эхэлсэн бөгөөд 2004 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр анх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийг Монгол, Америк, Япон зэрэг олон орны компани эзэмшсэн бол өнөөдөр “Монголиан Рийр Ийрт корп” ХХК (Mongolian national Rare Earth Corportion (MNREC)-д бүртгэлтэй байна. Тус ордод Лантан (La), Церий(Ce), Иттри (Y), Диспрози (Dy), Неодим(Nd) гэх газрын ховор элемент болон бусад ховор металлын нөөц бий.
Уг компани одоогоор ордыг ашиглаж эхлээгүй байгаа ч хайгуулын үйл ажиллагаа нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад буй юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагууд, хайгуулын лиценз эзэмшигч гээд тал талын байр суурийг оролцуулсан хяналтын сонсголыг УИХ-аас зохион байгуулж байна. Сонсголын эхэнд мэргэжлийн байгууллагуудын танилцуулгыг сонслоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр: Сарнил ихтэй, олдоц ховор учраас “газрын ховор” гэж нэрлэдэг. Дэлхийн хэмжээнд БНХАУ газрын ховор элементийн хамгийн их нөөцтэй. Мөн олборлолтын хувьд Хятад улс тэргүүлж байна. Дэлхийн газрын ховор элементийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг дангаараа хангадаг. Ингэхдээ 60 хувийг Хятад улс дотооддоо үйлдвэрлэдэг. Хамгийн сүүлийн буюу 2021 оны мэдээллээр Хятад улс 168 мянган тонн газрын ховор элементийн исэл үйлдвэрлэсэн. Газрын ховор элементийн 68 хувийн нөөц нь ӨМӨЗО-д бий. БНХАУ-ын араас АНУ, Тайланд улс эрэмбэлэгдэж байна. Харин ОХУ газрын ховор элементийн нөөцөө нэлээд дээгүүр эрэмбэтэй байдаг. Гэвч олборлолтын хувьд эхний тавд эрэмбэлэгддэггүй, бусад гэдэг ангилалд багтаж байна. Иймд ОХУ гарааны хөрөнгө оруулалт гээд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. 2030 он гэхэд БНХАУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх зорилт тавин, ач холбогдол өгч ажиллаж байна.