Open iToim app
Үйл явдал | 5 мин уншина

Сурвалжилга: Юбикаб компани хотын такси үйлчилгээний чанарын стандартыг нэмэгдүүллээ

Сурвалжилга:  Юбикаб компани хотын такси үйлчилгээний чанарын стандартыг нэмэгдүүллээ
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 22
Юбикаб компани үйлчилгээний чанараа дээшлүүлэх, жолооч нартаа автомашинаа шинэчлэх боломжийг олгох зорилгоор дэлхийн цахилгаан автомашины зах зээлийг тэргүүлэгч BYD компанийн албан ёсны борлуулагч “WuChan ZhongDa International” групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.
undefined
Юбикаб нь өнөөдрийн байдлаар 80 мянга орчим бүртгэлтэй жолооч, 1.5 сая хэрэглэгчтэй бөгөөд хотын такси үйлчилгээний гол стандартыг тодорхойлж буй байгууллага юм. Такси үйлчилгээнд явж байгаа бүх жолооч нь бүртгэлтэй байдаг тул зорчигчийн аюулгүй байдлыг бүрэн хангах боломжтой. Цаашид компанийн томоохон зорилго нь үйлчилгээний тав тух, өнгө үзэмжийг шинэ шатанд гаргах, мөн зөв талдаа жолооны хүрдтэй, стандартын шаардлага хангасан автомашинаар үйлчлэх явдал гэж тодорхойлжээ.
Шинэ загварын BYD Seal 05 DM-i автомашин нь цахилгаанаар 55 км тасралтгүй явах боломжтой бөгөөд хот дотор бүрэн цахилгаан хөдөлгүүрээр ажиллах юм. Харин урт замд тохирсон 65 литрийн багтаамжтай бензиний савтай тул цахилгаан болон бензин хослуулан 2000 км хүртэлх замыг туулна. Ингэснээр жолооч нарт шатахуун зарцуулалтаа мэдэгдэхүйц хэмнэх, хот дотор цахилгаан хөдөлгүүрийн горимоор ажилласнаар агаарын бохирдлыг бууруулах давуу тал бий болж байна.
Монголд цахилгаан болон хосолсон хөдөлгүүрийн автомашины үнэ өндөр байдаг ч Юбикаб компани энэхүү автомашиныг зах зээлийн үнээс хямдруулан, 77 сая төгрөгийн үнэтэйг 55 сая төгрөгөөр, хамгийн бага буюу 1.2 хувийн хүүтэй зээлийн нөхцөлөөр жолооч нартаа олгож байна. Энэ нь бусад борлуулалтын сувгуудаас 2-4 хувийн хүүтэй санал болгодогтой харьцуулахад маш таатай нөхцөл юм. Ийнхүү Улаанбаатар хот болон бусад суурин газрын такси үйлчилгээний чанар, тав тух, аюулгүй байдалд шинэ түвшин авчрах энэхүү санаачилга хэрэгжиж эхэлсэн бөгөөд эхний 10 машинаа жолооч нарт хүлээлгэн өгсөн бол дараагийн 10 машин ирэх долоо хоногоос орж ирэхээр болжээ. Цаашид нэг жилийн хугацаанд нийт 1000 ширхэг цахилгаан автомашиныг жолооч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох төлөвлөгөөтэй байгаа юм.
undefined
Юбикаб бригад хоршоо Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр: Юбикаб компани зөвхөн шинэ автомашин нийлүүлэхээс гадна, жолооч нарынхаа аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулах зорилгоор авто үйлчилгээний салбарын түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Юбикаб нь авто үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гишүүн 20 гаруй компанитай хамтарч, экосистемийн хэлбэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Эдгээр компани нь авто засвар, оношилгоо, сэлбэгийн худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүгд нэгдсэн “Auto Sync” нэртэй платформтой. Уг платформыг Юбикабын системтэй холбосноор жолооч бүр ямар засварын төвд үйлчилгээ хийлгэсэн, ямар оношилгоо давсан талаарх мэдээлэл нээлттэй бүртгэгдэх юм. Ингэснээр улсын жилд нэг удаа хийдэг оношилгооноос гадна илүү давтамжтайгаар машин бүрийн техникийн найдвартай байдлыг тогтмол хянах боломжтой болж байна. Энэ нь такси үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах чухал алхам юм. Мөн уг системд бүртгэгдсэн автомашины засвар үйлчилгээний түүхийг нээлттэй болгож, хуучин машинаа худалдан борлуулах үед дараагийн худалдан авагчид найдвартай байдлын мэдээллийг авах боломжтой. Ингэснээр парк шинэчлэлт зөвхөн шинэ машин худалдан авах бус, хуучин машин зах зээлд эргэлдэж, илүү зохион байгуулалттайгаар солигдох нөхцөлийг бүрдүүлж байна.
quote photo
Шинэ санал болгож буй BYD Seal 05 DM-i автомашин нь 100 км-т ердөө 4 литр шатахуун зарцуулдаг.
Юбикабын бүртгэлийн журамд 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашиныг бүртгэн авах шаардлага тавьдаг тул жолооч нарт машинаа шинэчлэх хэрэгцээ үүсдэг. Энэ хэрэгцээг хангах зорилгоор Юбикаб дэлхийн брэндийн шинэ загварын автомашинуудыг нэвтрүүлж, жолооч нартаа шат дараатайгаар санал болгож эхэлсэн. Жолооч нар дунджаар 2-3 жил тутам автомашинаа шинэчилж байдаг. Өнөөдөр системд бүртгэлтэй жолооч нарын дийлэнх нь Prius загварын автомашинаар такси үйлчилгээ эрхэлдэг бөгөөд эдгээр нь 100 км-т 8-10 литр шатахуун зарцуулдаг.
BYD Seal 05 DM-i автомашин нь шатахуун бага зарцуулахаас гадна цахилгаан хөдөлгүүрээрээ цэнэглэж явах боломжтой. Ингэснээр жолоочдын шатахууны зардал эрс багасч, жолооч нарын орлого нэмэгдэхийн зэрэгцээ хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна.
Ийнхүү Юбикаб компани авто үйлчилгээний экосистемийг бий болгож, шинэ автомашины парк нэвтрүүлснээрээ Улаанбаатар хотын такси үйлчилгээний чанар, аюулгүй байдал, тав тухыг олон улсын жишигт ойртуулах зорилготой ажиллаж байна.
undefined
Юбикабын жолооч О.Төмөрболд: Анх 2023 онд Юбикаб компанид бүртгүүлж, такси үйлчилгээ эрхэлж эхэлсэн. Үүнээс өмнө Нарантуул зах дээр хувиараа жижиг бизнес эрхэлдэг байсан ч тогтмол орлоготой ажил хийхийг зорьж, жолооч болохоор шийдсэн юм. Эхэндээ Prius 30 загварын автомашинаар такси үйлчилгээ үзүүлж байсан бол дараа нь Prius 40 болгож, сүүлд бүр Crown загвараар машинаа шинэчилсэн. Машинаа үе үе шинэчилснээрээ илүү тухтай, найдвартай үйлчилгээг зорчигчдод хүргэхийг зорьдог юм. Сүүлийн үед Хятад улс цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдаж, нэр хүнд өндөртэй болж байгааг сонссоноор “Би ч гэсэн цахилгаан машинтай болъё” гэж бодож эхэлсэн.
Өмнө нь Японоос ирсэн 8-9 жил унасан хуучин машинуудыг худалдаж авч хэрэглэдэг байсан бол одоо цоо шинэ цахилгаан автомашин авах боломж гарсанд үнэхээр баяртай байна. Шинэ автомашинаа огт харж үзээгүй ч BYD-ийн тухай хангалттай судалж, технологийн давуу талуудтай нь танилцсаны эцэст энэ бол найдвартай, ирээдүйтэй сонголт гэдэгт итгэж, эргэлзэлгүйгээр авах шийдвэр гаргасан. Өнө нь орж ирдэг байсан ихэнх машинууд нь буруу талдаа хүрдтэй байсан бол энэ удаагийн цахилгаан автомашин нь зөв талдаа хүрдтэй гэдгээрээ давуу талтай юм. Ийнхүү олон жилийн турш хуучин автомашинаар такси үйлчилгээ эрхэлсний эцэст анх удаа цоо шинэ цахилгаан машинтай болж, илүү найдвартай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, зорчигчдод тав тухтай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэнд үнэхээр баяртай байна.
undefined
Юбикабын жолооч Ч.Эрхэмбаяр: 2022 оноос хойш Юбикабэд бүртгүүлэн тасралтгүй ажиллаж байна. Такси үйлчилгээ эрхэлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ дөрвөн машин сольжээ. Жил ирэх тусам ажил маань тогтвортой болж, орлого нэмэгдсэнээрээ машинаа үе шаттайгаар сайжруулж чадсан нь миний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан. Өнөөдөр ийнхүү анх удаа цахилгаан автомашинтай болж, цоо шинэ машинаар ажиллаж эхлэх гэж байгаадаа маш их баяртай байна. Удаан хугацаанд судалж, өөрийн хэрэгцээ шаардлагад нийцнэ гэж үзсэн автомашинаа хөнгөлөлттэй нөхцөлөөр, бага хүүтэй зээлээр авах боломж олдсон нь надад том дэмжлэг боллоо.
Энэ цахилгаан автомашиныг аль хэдийн мэддэг, найдвартай гэдэгт нь итгэлтэй байсан. Учир нь уг загвар 10 гаруй жилийн өмнөөс үйлдвэрлэгдэж эхэлсэн, дэлхийд өөрийгөө баталсан сайн чанарын автомашин. Харин миний хувьд өмнө нь дандаа Японоос орж ирсэн хуучин машин унаж байсан тул үйлдвэрээсээ шинээр гарсан, огт хэрэглэж байгаагүй автомашин унаж үзэх нь анхны тохиолдол болж байна. Иймээс өнөөдрийн энэ шинэ эхлэл бол зөвхөн миний ажил мэргэжлийн төдийгүй амьдралын минь чанарыг нэг шат ахиулсан, онцгой үйл явдал болж байна.
undefined

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн