Open iToim app
Спорт | 3 мин уншина

Netflix-ийн "Physical: Asia" шоунд оролцох монгол тамирчдыг танилцуулж байна

Netflix-ийн "Physical: Asia" шоунд оролцох монгол тамирчдыг танилцуулж байна
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 19
Ази тивийн хүч чадал, авьяас, тэсвэр хатуужлыг нэг дор харуулах “Physical: Asia” реалити шоуны шинэ улиралд найман орны баг өрсөлдөхөөр болсон бөгөөд багийн гишүүдийг биеийн хүч, биеэ авч яваа байдал, авьяас чадвар, тэсвэр хатуужлаар нь сонгодог онцлогтой. Тус шоу 2025 оны аравдугаар сард үзэгчдийн хүртээл болохоор товлогдсон бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шилдэг тамирчид багтаж, олон улсын тайзан дээр өөрсдийн хүч чадал, ур чадвараа сорих гэж байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд үндэсний бөхийн том амжилтад хүрээд буй Улсын арслан Баярсайханы Орхонбаяр, жүдо бөхийн олон улсын тэмцээнүүдийн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Амарсайханы Адъяасүрэн, дэлхийн шилдгийн тоонд багтсан 3х3 сагсан бөмбөгийн тоглогч Энхбатын Дөлгөөн, Япон, Тайванийн лигт хүч үзсэн Монголын анхны мэргэжлийн волейболчин Гантогтохын Хандсүрэн, дэлхийд ховор үзүүлбэрээрээ алдаршсан уран нугараач, Гавьяат жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир, мэргэжлийн рингэнд арван гурван ялалт байгуулсан холимог тулаанч Баатархүүгийн Энх-Оргил нар багтаж байна.
undefined
Баярсайханы Орхонбаяр
Тэрээр үндэсний бөхийн шилдэг тамирчдын нэг бөгөөд “Таван Хан” дэвжээ, “Алдар” спорт хороонд харьяалагдан барилдаж байна. Тэрээр 18 насандаа сумын заан цол хүртэж бөхийн замналаа эхлүүлсэн бөгөөд 20 настайдаа аймгийн арслан болж, 21 настайдаа энэ цолоо бататган Улсын начин цолонд хүрсэн юм. Харин 22 насандаа Улсын харцага болж, 24 настайдаа Улсын арслан хэмээх хамгийн өндөр хүндэт цолын эзэн болж чадсан. 26 насандаа тэрээр улсын наадамд хоёр дахь удаагаа үзүүрлэж, 2025 оны байдлаар 16 барилдаанд дараалан шөвгөрсөн нь түүний тэсвэр хатуужил, ур чадварыг харуулж байна.
undefined
Амарсайханы Адъяасүрэн
Тэрээр жүдо бөхийн шилдэг төлөөлөгчдийн нэг бөгөөд “Алдар” спорт хороонд харьяалагдан, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Түүний тамирчны замналд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль, Их дуулгын хоёр удаагийн үзүүрлэл болон ГранПри тэмцээний гурван хүрэл медаль зэрэг бахархам амжилт багтдаг. Мөн “Парис-2024” олимпын наадамд эх орноо төлөөлөн зодоглосон бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа өрсөлдөөд байна. Өдгөө тэр +78 кг-ын жинд дэлхийн чансааны 22 дугаар байрт бичигдэж байгаа нь түүний тасралтгүй хичээл зүтгэлийг харуулдаг.
undefined
Эрдэнэ-Очирын Лхагва-Очир
Тэрээр уран нугаралтаар дэлхийн олон улсын тавцанд Монголынхоо нэрийг дуурсгаж байгаа уран бүтээлч юм. Одоо 38 настай бөгөөд спорт, урлагийн замналаа үргэлжлүүлсээр байна. Тэрээр циркийн олон улсын А зэрэглэлийн наадмаас 10 гаруй цом хүртэж, бодибилдинг фитнесийн дэлхийн аварга болсон төдийгүй Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан. Сүүлийн жилүүдэд тэрээр олон улсын циркчдийн наадамд оролцон Алтан цомын эзнээр тодорч, дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” үзүүлбэрийг 11 метрийн өндөрт амжилттай толилуулсан нь түүний ур чадварын том илэрхийлэл болсон юм.
undefined
Энхбатын Дөлгөөн
Тэрээр сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн түвшний тамирчин бөгөөд одоо 33 настай юм. 5х5 болон 3х3 төрлийн Үндэсний шигшээ багт зэрэг хүчин зүтгэж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт, мөнгөн медаль хүртэж, 2017, 2018 онд тэмцээний бэлгэдлийн багт нэрлэгдэн, 2017 онд “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон юм. Мөн тухайн жил дэлхийн шилдэг арван тоглогчийн нэгээр шалгарч, 2020 онд Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос дэлхийн шилдэг дөрвөн ашигтай тоглогчийн нэгээр тодруулсан нь түүний чадварыг илтгэнэ.
undefined
Гантогтохын Хандсүрэн
Тэрээр Монголын волейболын түүхэнд шинэ хуудас нээсэн тамирчин бөгөөд Үндэсний шигшээ багтаа хүчин зүтгэж байна. Японы V League болон Тайванийн лигт тоглосон анхны монгол тоглогчоор түүхэнд үлдсэн бөгөөд 2023 онд Өмнөд Солонгосын лигээс ирсэн урилгыг татгалзан, эх орныхоо шигшээ багт тоглохоор шийдсэнээрээ спортын ертөнцөд олны анхаарлыг татсан. Түүний өвөө нь Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх, аав нь Улсын гарьд Б.Гантогтох юм.
undefined
Баатархүүгийн Энх-Оргил
Тэрээр холимог тулааны мэргэжлийн тамирчин бөгөөд одоо 36 настай юм. Нийтдээ 16 тулаан хийж, 13 ялалт байгуулснаас One Championship холбоонд долоон тулаанд оролцож, зургаад нь ялалт байгуулсан бахдам амжилттай тамирчин юм.
undefined
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн