Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын орлогч өдөр бүр Боловсролын яам удирдлагаа томилохгүйгээс болж сургууль, цэцэрлэг ажиллахгүй, тавилгагүй байгаа гэж яриад байгаа. Улаанбаатар хот өнгөрсөн жилийн турш бродюр сольсон. Энэ жилийн турш зүгээр байсан явган хүний замыг сольсон, одоо ч сольсоор байна. Биднийг нийслэлд байхад нийслэл 800 тэрбум төгрөгтэй байсан энэ жил 10 их наяд төгрөг болж байна.
Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал 10 дахин нэмэгдэж байгаа юу. Бродюр, цементэн хавтан солих мөнгөөр сургууль, цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг шийдэж болохгүй байгаа юм уу. Боловсролын сайд, нийслэл хоёр нийлээд шийдэж чадахгүй байгаа юм уу. Яагаад хэвлэл мэдээллээр бие бие рүүгээ попроод нийслэлчүүдийг хохироож байгаа юм бэ.
Боловсролын сайд П.Наранбаяр: Нийслэлийн засаг даргын орлогч гэж залуу юм бүр дээр фэйсбүүкээр яриад яваад байгаа. Асуудлаа шийдэж байгаа нь зөв, дэмжиж байгаа. Төрийн байгууллага хооронд албан бичиг гэж хэл бий, хэрэглэх хэрэгтэй. Болохгүй байгаа асуудлыг ярилцаад явахын оронд ийм байдлаар яваад байх нь зохимжгүй. Төрийн албан хаагчийн ёс зүй асуух ёстой. Өнөөгийн нөхцөл байдалд 2,446 сургууль, цэцэрлэгт 1.2 сая сурагч, оюутан суралцаж байна. Энэ бүхнийг бүрэн ширээ сандал, тоног төхөөрөмжөөр хангахад 1.9 их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл бид жилд 40 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Нийслэлд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн ширээ сандлыг хангах талаар тодорхой арга хэмжээний авсны үр дүнд хангагдаад явж байгаа. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох асуудлыг Нийслэлийн боловсролын газар шийддэг, яамтай шууд холбоотой биш. Тухайн орон нутаг томилдог хуулийн заалттай. Нийслэлийн боловсролын газар цаг алдсан байвал хариуцлага ярина.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Ахмад настны асуудлаар 2025 оны нэгдүгээр сард чуулган зохион байгуулж, яамныхан олон амлалтыг өгч, өргөө болон сэргээн засах төвүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн. Гэтэл тэтгэврийг 6 хувиар нэмнэ гэснээс өөр юм алга. Мөн ахмад настны нийгмийн оролцоо ажлын байраар хангахад ямар төсөв тусгасан бэ?
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Салбарын төсөвт ахмад настнуудад нийт 270.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа. Нийгмийн халамжийн сангаас 543 мянган ахмад настанд 250.5 тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт 2065 ахмад настанг хамруулж, 11.7 тэрбум төгрөг, улсын асрамжийн үйлчилгээнд 8.7 тэрбумыг тусгасан. Манай салбарт хувийн хэвшилтэй хамтарсан маш олон сувилал ажиллаж, хувьсах зардлыг нь өгдөг. Ахмадын холбооноос долоон төрлийн шаардлага хүргүүлсэн байна лээ. Таны дурдсан асуудал тэтгэврийн асуудлыг оруулсан байна лээ. Та тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх боломжтой гэж мэдээлсэн. Салбар яамнаас улсын төсөв, инфляцийн байдалтай уялдуулан тэтгэврийг 10.3 орчим хувиар нэмэх шаардлагатай гэдэг тооцооллыг гаргаж, Сангийн яамнаас зургаан хувь гэдэг санал гаргасан. Мэдээж хэлэлцүүлгийн явцад орон зай гарвал тэтгэврийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: 2026 оны улсын төсөвт эрчим хүчний салбарт анхаарал хандуулаагүй байна. Эрчим хүчний салбар зам тээврээсээ бага төсөвтэй. Эрчим хүчний салбарт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв. Гэтэл зам тээврийн салбар бараг 1 тэрбумын төсөвтэй байна. Эрчим хүчний салбар улс, орны эдийн засгийг боомилчхоод байгааг хүн бүр мэдэрч, мэдэж байгаа. Үйлдвэр, орон сууц баръя гэсэн маш олон хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангаж чадахгүй байна.
Станцын маш олон жилийн насжилттай техник, хэрэгслүүд нь эхнээсээ дэлбэрч эхэллээ. Эрчим хүчний салбарын 17 мянга гаруй хүнийг аюулгүй, найдвартай нөхцөлд ажиллуулж чадахгүй байна. Тийм ч учраас ард түмэн гал алдчих гээд байгаа эрчим хүчний салбартаа ахиухан төсөв тавиарай гээд захиад байгаа шүү дээ. Асфальтан зам хэрэггүй, асаалттай гэрэлтэй баймаар байна гээд захиад байгаа. Гэтэл энэ захиас, хүсэлт туссан нь хаа байна вэ. Захиасыг нь биелүүлэхгүй юм бол ард түмнээсээ асуулаа гэж шоудох ямар хэрэгтэй вэ. Өөдтэй төсөв тавиагүй хэр нь эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наядыг зарцуулна, хамаг асуудлыг нь шийднэ гэж худал мэдээлэл тараагаад байгаа. Энэ 3.9 их наяд гэдэгт өмнөх жилүүдийн бүхий л зээл, тусламжийг хамж шимээд, дээрээс нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа станцын 2.5 тэрбум төгрөгийг оруулаад хуураад байна.
Ард түмэнд үнэнийг хэлэх ёстой. "Бид та бүхний татварын мөнгийг эрчим хүчний салбарт өөдтэй төсөвлөж чадахгүй байна. Энэ бол бодит байдал. Тиймээс та бүхэн лаа, чүдэнзээ ойрхон байлгаарай" гээд үнэнээ л хэлэх ёстой. Иргэд татварыг миний анхан шатны хэрэгцээг шийдээд өгөөрэй гэж тушаасан. Гэрэл, дулаан бол хүний анхан шатны хэрэглээ.
Сангийн сайд Б.Жавхлан: Б.Чойжилсүрэн сайд асуултыг бэлдэж өгсөн юм шиг байна. Бүх сайдын төсөв хасагдсан, зөвхөн Б.Чойжилсүрэн сайдынх биш. Одоо бид энэ хязгаар дотроо л багтаж амьдарна. УИХ-аас төлөвлөгөө гаргаж өгөөд 24 хувьдаа багтаа гэсэн. Бүгд л хасаж, тануулсан. Одоо байгаагаа яаж үр өгөөжтэй зарцуулах вэ гэдгийг салбарын сайдын ухаан, сэтгэл хоёр л шийднэ. Энэ бол маазрах асуудал биш. Бүгд байж болох бүх боломж, хөрөнгөө энэ салбарт зориулж байгаа. Хамгийн том асуудал бол цахилгааны тариф. Бид 30 жил тарифыг барьсан учраас асуудал энд хүрсэн.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн салбарын хүн учраас бодит байдлыг сайн мэдэж байгаа юм. Шүүмжлэл нь ч ортой, бодит байдлыг бүгдийг мэдэж байгаа. Арга байхгүй. Сангийн яамнаас өгсөн хэмжээ нь энэ, байгаа боломж нь л энэ.
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.