УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжүүлж байна.
Өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлэг тус асуудлаар хоёр хоногийн завсарлага авсан. Завсарлага өнөөдрөөр дуусаж байгаа. Тиймээс АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлсэн. Тэрээр Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн хуулийг Засгийн газарт буцаах санал гаргасан ч УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслүүдийг Засгийн газар буцаах эсэх асуудлаар санал хураана.
Тэгвэл чуулганы хуралдааны уур амьсгалаас харахад УИХ-ын гишүүд улсын хэмжээний томоохон төслүүдийн асуудлыг бус тойргийнхоо хөрөнгө оруулалтыг салбарын сайд нараас хөндөн асууж байна. Учир нь 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалтын саналыг аваагүй байна. Өөрөөр хэлбэл, тойргоос сонгогдсон гишүүдээс тойрогтоо хийх бүтээн байгуулалтын саналыг аваагүй гэсэн үг. Тиймээс гишүүд алдагдалтай төсөв хэмээн шалтаглаж, УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтыг ашиглан төсвийн төслийг Засгийн газарт буцаах бололтой. Хэрвээ төсвийн төслийг Засгийн газарт буцаавал гурав хоногийн дотор дахин өргөн барина. Ингэхдээ гишүүдийн төсөв буюу хөрөнгө оруулалтын саналыг нь тусгаж оруулж ирэхээр байгаа юм. УИХ-ын зарим гишүүн тойргийн төсвийг шүүмжилж, олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Гэтэл тойргоос сонгогдсон гишүүд нь тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулж чадаагүй учраас Засгийн газрыг бойкотолж төсвийг нь буцаах бололтой.
Уг нь төсөв улс төр хийх, попрох сэдэв биш. Монгол Улсын аж ахуй нэгжүүд, иргэдийн амьдрал ирэх жил ямар байхыг тодорхойлох баримт бичиг. Гэтэл манай УИХ-ын гишүүд төсвөөрөө улс төр хийдэг байдал газар аваад байгаа. Гишүүдийн төсвийг жил бүхэн шүүмжилдэг ч гишүүдээс хөрөнгө оруулалтын санал авахгүй болохоор төсвийг дэмжихгүй, заавал өөрсдийнхөө эрх ашгийг шингээх, тойрогтоо хөрөнгө оруулалт хийхийг шахдаг.