Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ)-оос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмүүлэх тэмцэл, хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэлсэн талаараа мэдээлэл өглөө. Багш нарын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзахдаа цалин хөлс нэмэгдүүлэх санал тавьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй тул есдүгээр сарын 24-нд орон даяар жагсаал цуглаан зохион байгуулах болсноо мэдэгдлээ. Хэрэв үр дүнд хүрэхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна гэв.Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо дарга З.Цогтгэрэл: Монголын багш нар ачаалал өндөр, цалин хөлс бага нөхцөлд өөрсдийн сэтгэл зүрхээр ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд 4200, 2025-2026 оны хичээлийн жилд 3800 багшийн дутагдалтайгаар ажиллаж байна. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, боловсролыг тэргүүлэх салбар болгох зэрэг нь байнга зөрчигдсөөр өнөөдрийг хүрлээ.Иймд багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг 2026 оны төсөвт хүргүүлсэн. Гурван яам, МБШУҮХ-той хамтарсан ажлын хэсэг гарч, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа. Мөн Ерөнхий сайдтай уулзахдаа энэ асуудлаар ярилцсан ч төсөвт мөнгө суулгах боломжгүй гэдэг хариулт өгснөөр бид бүгд анхан шатны нэгжүүдээс ирсэн санал шаардлагуудыг хүлээн авч, дараа дараагийн алхмуудаа хийхээр болж байна.