Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Э.Чулуунцэцэг: Багш нарын цалинг үе шаттайгаар нэмж, 5 сая төгрөгт хүргэх хэрэгтэй

Э.Чулуунцэцэг: Багш нарын цалинг үе шаттайгаар нэмж, 5 сая төгрөгт хүргэх хэрэгтэй
Нийтэлсэн 10 минутын өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлээс 2025 оны есдүгээр сарын 28-нд орон даяар багш нарын ажил хаялт зарлахаар бэлтгэж байгаа аж. Ажил хаяж буй гол зорилго нь багшийн цалин хангамж, ажиллах орчныг сайжруулахыг шаардах юм байна. Үүнтэй холбоотойгоор боловсролын эрх зүй судлаач, доктор Э.Чулуунцэцэгтэй ярилцлаа.
-Багшийн хомсдол “аюулын харанга” дэлдсэн гээд байгаа. ​Үүнтэй та хэр санал нийлэх вэ?
-Багшийн хомсдол асуудал байна гэж нийгмээрээ, салбар яамнаас ч гэж ярьж байна. Гэвч миний хувьд багш хомсодсон гэж харахгүй байгаа. Харин бодлогын алдаа гаргаснаас болоод хүнд нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл Монгол Улс хангалттай багштай. Үүнийг Боловсролын яамнаас ч хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, 4200 багшийн орон тоо дутагдалтай байна гэснээ 20 мянган багш мэргэжлээр ажиллахгүй байна гэж салбарын яамнаас судалгаагаа танилцуулсан. Тэгэхээр дутагдалтай байгаа багшийн орон тоог нөхөөд цаана нь 15 мянган багш мэргэжилтэй хүн өөр салбарт ажиллаж байна гэхээр хомсдоогүй. Харин ч илүүдэлтэй байна. Энэ зөвхөн өнөөдрийн сайдын буруу үйл ажиллагаа ч биш. Маш олон жилийн хугацаанд багш нарын эрх, эрх зүйн байдлын асуудалд анхаарал хандуулахгүй явснаас болоод ийм сөрөг үр дагавар гарч байна. Үүнийг өнөөдөр нэг сайд, дарга засах ямар ч боломж байхгүй. Бүх л улс орон багшийн хомсдолын асуудлыг туулсан.
-Бодлогын алдаа гэж та юуг тодорхойлж байна вэ? 
-Бодлогын алдаа гэдэг нь багшийн цалинтай л холбоотой. Багш нарын үндсэн цалин 1.4-1.5 сая байна. Үүн дээрээ зэргийн нэмэгдлээс хамаарч бага зэрэг нэмэгддэг. Ингэхээр үндсэн цалин 400 доллар гэсэн үг. Ийм цалинтай улс дэлхийд цөөхөн хэд бий. Ер нь судлаад үзэхэд африкийн улс орнуудад ийм цалинтай байх тохиолдол анзаарагддаг. Түүнээс биш манай жилийн цалинг сард багш нартаа өгдөг. Дэлхий нийтээрээ багш хомсдолд орж байна гэдэг зүйл ярьдаг. Юнескогоос 44, 66 сая багш хомсодсон гэх хоёр янзын судалгаа байдаг. Гэхдээ үүний тал нь Африкийн хойгийн орнуудад үүсээд байна. Гэтэл тухайн орнуудын багш нарын цалин хэмжээг судлахад манайхтай ижил болон доогуур цалинтай. Үүнээс л хомсдолын асуудал үүсээд байна.  
-Маш олон жил багш нарын эрх, эрх зүйн байдлын асуудалд анхаарал хандуулахгүй явснаас болоод өнөөдөр ийм байдалд хүрлээ гэлээ. Тэгвэл энэ асуудалд яаж анхаарах вэ?
-Багш гэдэг нийгэмд нийтлэг үйлчилгээ үзүүлдэг уламжлалт сонгодог мэргэжил. Ялангуяа ЕБС, цэцэрлэгийн багш нарт нийгмийн зүгээс тусгай анхаарал тавих ёстой. Энэ салбарыг л дэмжихгүй бол боловсрол хүнд байдалд орно. Аливаа улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл бол боловсролын салбар байдаг. Энэ утгаараа дэлхийн улс орнууд төсөв хуваарилалтдаа боловсролын салбарт өндөр дүнг тавьдаг. Манай улсад энэ нөхцөл алдагдсан. Хэдийгээр боловсролын жил болгон зарлалаа гэсэн ч ямар дорвитой арга хэмжээ аваад байгаа вэ. Багшийн эрх зүйн байдлыг хамгаалсан бие даасан хууль, тогтоомж баталж, хэрэгжүүлээгүй. Багш нь мэргэжлийн эрхийн хамгаалалтгүй байгаа. Багшийн мэргэжлийн эрх гэдэг нь миний судалгааны сэдэв юм. Жишээлбэл, багш сурагчид шаардлага тавих, судалгаа хийх, хэнээс ч хараат бусаар үнэлгээ тавих эрхтэй гээд мэргэжлийн үйл ажиллагаатай боломжийг хэлнэ. Манай Боловсролын ерөнхий хуульд эдгээр эрхүүд хангагдаагүй. Багш мэргэжлийн үйл ажиллагааныхаа дагуу шаардлага тавьсан байхад түүнийг нь дуртай эцэг, эх эсэргүүцээд загнаад л гардаг. Боловсролын хууль бол боловсролын харилцааг зохицуулна. Багштай холбоотой харилцааг тусдаа бие даасан хуулиар зохицуулах ёстой гэж судлаачийн зүгээс үздэг.
-Боловсролын сайд П.Наранбаярын хийж буй зүйл салбарын мэргэжилтнүүд дунд шүүмжлэл дагуулж байна. Таны хувьд ч багш хомсдолыг арилгахын тулд 45 хоногийн сургалтад хамрагдах журмыг шүүхэд хандан түдгэлзүүлж байсан шүү дээ. Ер нь багшийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зүйтэй гэж судлаачийнхаа үүднээс харж байна вэ?
-П.Наранбаяр сайд судалгаа бага хийж байна гэж ажиглаж байгаа. Боловсролын салбарт тулгамдсан сайд ганцаараа хийх боломжгүй асуудал зөндөө бий. Тэгэхээр шийдвэр судалгаанд үндэслэсэн байх шаардлагатай. Жишээлбэл, 45 хоногийн сургалт угаасаа л болохгүй. П.Наранбаяр сайдыг эсэргүүцээд байгаа юм биш. Харин судлаачийнхаа, үзэл баримтлалынхаа хувьд үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг өнцгөөр нийтийн ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэл гаргасан. Хичээл цонхлоод, 60-70 хувьтай нэг ангид суугаад байгаа асуудлыг үе шаттай төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Богино, дунд, урт хугацааны нэгдсэн төлөвлөгөө гаргаад сайд нь хэн байхаас үл хамааран яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол энэ асуудал хэрэгтэй байна. Хэн нэгэн багш мэргэжилгүй дамжаанд суулгаад асуудлыг зохицуулах биш хичээлийн цагийг багасгахаас өөр арга байхгүй. Жишээлбэл, 60 хүүхэдтэй ангид хичээл орж байхад нэгдүгээрт, багшийн стресс, ачаалал байна. Хоёрдугаарт, зааланд олуулаа шахцалцаад суухад хүүхдийн анхаарал төвлөрөлт муудах учраас боловсролын чанарт нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Дэлхийн олон багшийнхаа дутагдлыг нөхөхийн тулд арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Хамгийн анхан шатны арга хэмжээ бол 60 хүүхэдтэй ангийг хувааж хичээлийн цагийг багасгаж, ээлжийн тоог нэмээд, оюутан багш ажиллуулсан. Ингэхдээ үндсэн багш онолын мэдлэг, ур чадвар олгох хичээлийг заана. Харин оюутан багш хичээлийн дадлага ажлуудыг хийлгэдэг. Түүний дараагаар цалин хөлсөө нэмэгдүүлдэг. Компанийн нарийн бичиг болоход 3-5 сая төгрөгийн цалин амлаж байхад багш нар өөр ажил хийхээс өөр сонголт байхгүй. Энэ бол хүний амьдрал. Тиймээс үе шаттайгаар багшийн цалинг нэмж 5 сая төгрөгт хүргэх ёстой. ​Тэгж байж өөр салбарт ажиллаж байгаа багш нар мэргэжлийнхээ дагуу ажиллах боломж нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр таван сая төгрөг бол дээд мэргэжил эзэмшсэн хүний хувьд байж болох л цалин. Ингэхгүй л бол өөр арга алга.
-Төрөөс улс орны эдийн засгийн нөхцөл хүнд байгаа болохоор багш нарын цалинг одоохондоо 1000 долларт хүргэх боломжгүй гээд байгаа шүү дээ?
-Боломжтой байлгүй яах вэ. Энэ бол үндэсний боловсролын эрх ашгийн асуудал. Иймээс төсөв санхүү байхгүй гэж зовлон тоочих боломжгүй нөхцөл байдалд байна. Хэчнээн хэцүү байсан ч шийдэх л ёстой. Шийдэх цаг болсон. Хувийн сургууль, цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгч байгаа мөнгөө танаач. Энэ багш нарын цалинг нэмэх асуудалд сайд анхаарлаа хандуулах шаардлагатай. Багш нарын цалинг нэмэхгүй бол боловсролын салбарт байгаа асуудал хэзээ ч шийдэгдэхгүй. МУБИС мянга, мянган багш бэлтгэж гаргаад ямар ч ач холбогдол, үр дүнгүй. Боловсролын яам 2014 оноос  МУБИС-т тэтгэлгээр сургах боломж олгосон. ЭЕШ-д 750-800 оноо авсан болМУБИС-т 100 хувь төлбөргүй сурна гэхэд маш олон мундаг хүүхэд багшийн мэргэжил сонгож орж ирсэн. Энэ бол маш зөв бодлого байсан. Харин эргээд тэр багш нараа ажлын байрт хэрхэн уясан бэ. Тийм зүйл байхгүй. Чадвартай, мундаг боловч мэргэжлээрээ ажилладаггүй миний шавь нар зөндөө бий. Боловсролын бодлогууд хоорондоо уялдахгүй байна. Дэмжиж багш болгож байгаа бол ажлын байран дээр хэрхэн тогтоох талаараа ч тусгаж өгөх хэрэгтэй. Ер нь цалингаа л нэмбэл орон тоо нөхөгдөнө. Энэ асуудлыг шийдэхгүй бол өшөө ч олон багшаа алдана, илүү их эрсдэл хүлээж байна.
-Удахгүй багш нар ажил хаялт зарлана гэж байна. Өмнө нь хэд хэдэн удаан жагсаал цуглаан хийж байсан. Энэ удаа үр дүнд хүрч чадах болов уу?
-Ажил хаялт зарлах нь зүйтэй. Хүн шүү дээ. Яаж 1.4 сая төгрөгийн цалинтай амьдрах вэ. Нэмэгдэл нь ороод 2 сая төгрөг авдаг л байх. Гэхдээ өнөөдөр төгрөгийн ханш хэрхэн, инфляцын түвшин өсөж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор багш нар өөрсдөө хөдлөхгүй л бол болохгүй. Эрх чөлөө гэдэг бол тэмцлийн үр дүн. Тодорхой хэмжээнд тэмцэх цаг ирсэн. Тэмцлээ гэхэд хуулийн дагуу бүх ажиллагааг хийх ёстой. Хуучин 10-аад жилийн өмнө багш нар цэцэрлэгийн хаалга барьж ажил хаялт зохион байгуулсан. Ингэхдээ хууль зөрчсөн үндэслэлээр эргээд өөрсдөө буруудсан гашуун түүх манай боловсролын салбарт бий.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн