Монголын эдийн засгийн бараг тэн хагасыг төсөв бүрдүүлж байсан үе бий. 1, 2-хон жилийн өмнө дөө. 2024 онд төсвийн зардал ДНБ-ий 38 хувьтай тэнцэж байлаа. Манай эдийн засгийн 40 орчим хувь нь төсвөөс хамаардаг. Үүн дээр төрийн өмчит компаниудын оролцоог нэмбэл эдийн засаг дахь төрийн оролцоо бараг 80 хувь рүү дөхөж байв. Үүнээс Монгол Улс бол чөлөөт эдийн засагтай биш, харин төр давамгайлсан төвлөрсөн төлөвлөгөөт орон гэж дүгнэхээр байлаа. Тэгвэл 2025 оноос эдийн засаг дахь төрийн оролцоо буурч эхэллээ. Доор дурдсан графикаас үүнийг харж болно.
Төрийн оролцоог бууруулах нь нэг өдөрт, бүр ганц жилийн хугацаанд амжуулчих ажил биш. Гэхдээ төрийн оролцоог багасгах алхмыг энэ Засгийн газар эхлүүлж чадлаа. Энэ эрчээрээ 2028 он гэхэд эдийн засаг дахь төсвийн оролцоо 30 хувиас доошлох төлөвтэй.
Должин эмээгийн тэтгэврийг чадлаараа нэмнэ
Төсвийн зардлыг танана гээд тэтгэврийн хөгшид, тэтгэмж авдаг иргэдийнхээ халаасанд гар дүрсэнгүй. Харин ч чадлынхаа хэрээр нэмнэ гэж ирэх оны төсөвт суулгажээ. Мах, гурилын үнэ өссөн энэ үед тэтгэвэр, тэтгэмжийг тоолгүй орхивол одоо авч буй хэдэн төгрөгөө арайхийн амьдралдаа хүргэдэг иргэд ирэх онд улам хэцүүдэх нь ойлгомжтой. Иймд тэтгэвэр, тэтгэмжийг ирэх онд зургаан хувиар нэмэхээр төсвийн төсөлд тусгаад байна. Ингэж иргэддээ олгодог мөнгийг таналгүй, харин ч өсгөж, оронд нь төрийн зардлыг бууруулав. Улсын төсөв дэх бараа үйлчилгээний зардлууд, тэр дундаа даргын ширээ, шатахуун түлш, бичиг цаас, томилолтын зардлууд танагдсан. Төрийн бүсийг чангалаад 600 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийхээр байна. Гэхдээ хүн амын механик өсөлтөөс шалтгаалан нэмэгдэх зардлууд байна. Шинээр тэтгэвэрт гарах иргэд, сургууль, цэцэрлэгт дөнгөж элсэж буй багачууд гээд танаж болохгүй зардлууд 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.