Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 17 хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хязгаарлалт одоогоор бүх бүсчлэлд 08:00-20:00 цагт үйлчилж байна.
Харин маргааш буюу лхагва гарагаас тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор бус хуучин зохицуулалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, өнөөдөр 20:00 цаг хүртэл хэрэгжинэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин түгжрэлийг бууруулах дараах гурван шийдвэрийг хэрэгжүүлж байгаа талаараа мэдээлсэн. Тодруулбал:
Нэгдүгээрт, бага ангийн сурагчдыг хамруулах автобусжуулалтын хөтөлбөрийг боловсруулж байна.
Хоёрдугаарт, багш нарын ажлын байрлалыг тухайн дүүрэгт нь ойртуулан зохицуулах ажлыг эхлүүлнэ.
Гуравдугаарт, автомашины тоог хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна. 10 жилээс дээш ашигласан хуучин автомашинд шинээр улсын дугаар олгохгүй байх шийдвэр гарсан.
Цаашид автозамын сүлжээг өргөтгөх, хурдны болон цагариг зам барих, нийтийн тээврийг шинэ шатанд гарган метро, трамвай нэвтрүүлэх шаардлагатай гэж Нийслэлийн удирдлагуудын зүгээс үзэж байгаа аж.