Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж, мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасныг мэдээллээ. Мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах үндэслэл, шалтгааныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байдлаар тайлбарлав.
Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний хагас жилд 5.6 хувь буюу Монголбанкны хүлээлтийн орчимд гарсан. Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн талаас илүү хувийг бүрдүүллээ. Монголбанк 2025 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6 хувь гэж тооцож байсныг 5.8 хувь болгож буурууллаа. Учир нь уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс доогуур байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт бага зэрэг саарахаар байна.
Цаашид бүтээн байгуулалтын хэрэгжилтийн явц, гадаад дотоодын эрэлт, түүхий эдийн үнэ эдийн засгийн өсөлтийн төлөвт нөлөөлөхөөр байна.
Төлбөрийн тэнцэлд нүүрсний үнэ томоохон эрсдэл дагуулсан хэвээр байна.