Манай улс ардчиллын индексээрээ жил бүр ухарсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, Монгол Улс Ардчиллын индексээрээ 2023 онд 77 дугаар байрт орж, өмнөх оноосоо 16 байраар ухарсан бол 2024 онд дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байрт орсон. Харин 2025 онд мөн 81 дүгээр байрт орсон ч ихэнх үзүүлэлтээрээ ухарч, автократ дэглэмтэй зургаан орны нэгээр нэрлэгдсэн.
Тиймээс Ардчилсан намаас Конрад-Аденауэр сантай хамтран “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр өнөөдөр /2025.09.14/ Их Монгол Улсын голомт болох Хэнтий аймагт чуулж байна.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тэргүүтэй Ардчилсан намаас парламентад сонгогдсон гишүүд болон Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байна.
Хөтөлбөрийн эхэнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Намын даргаар сонгогдоод эхний нэгдсэн арга хэмжээгээ эзэн Чингис хааны өлгий нутагт, эх орныхоо наран ургах зүгээс эхлүүлж байгаадаа баяртай, бэлгэшээлтэй байна. Тал талын олон оролцоогоор бид ирэх жилүүдэд ялдаг, ялах ялахдаа дараалан ялдаг нам болно. Дараалан ялахаар нам яаж бэхжиж чадавхаждаг, хүрээгээ тэлдгийн жишээг Сүхбаатар аймгийн нам бидэнд хангалттай харууллаа. Сүхбаатарын Ардчилсан намынхандаа, Н.Ганибалдаа, Ж.Батсуурь гишүүндээ баяр хүргэе.