Утаа, орчны бохирдлыг бууруулах өрх бүрийн дулаан шийдэл “Дулаан гэр -Цэвэр агаар 2025” арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээнд гэр хорооллын өрх бүрд зориулсан сонголт олонтой дулаалгын шийдлийг танилцуулж, мэдээлэл хүргэж байгаа юм.Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул: Чингэлтэй дүүрэг өнгөрсөн өвөл 1000 гаруй айлын дулаан алдагдлыг хэмжиж судалгаа хийсэн. Үүний үр дүнд нийт айлын 90 гаруй хувь нь дулаан ихээр алдаж байна гэсэн дүгнэлт гарсан юм. Энэ судалгаа нь нүүрсийг өөр түлшээр солихоос илүүтэйгээр эхлээд эрчим хүчээ хэрхэн зөв хэмнэх вэ гэдэгт анхаарах шаардлагатайг харуулсан. Тухайлбал, гэр болон байшингаа зөв дулаалж, дулааны алдагдлыг багасгах нь хамгийн чухал шийдэл гэж үзэж байна.Иймд нийслэлээс энэ жил 5000 орчим айлыг дулаалж, тэднийг газан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд үр дүн нь сайн гарвал ирэх жил 50 мянган айлыг хамруулах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын нэлээд хэсгийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон. Одоогоор дүүргийн хэмжээнд дулаалгын ажил эхэлж, хэрэгжиж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон байгууллага хамтран ажиллаж байна. Мөн ямар шийдэл хамгийн оновчтой болохыг судлан, бодит байдал дээр иргэддээ үзүүлж харуулах зорилгоор өвлийн бэлтгэлийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж байна.