Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл баасан гарагт хуралдаж, НАТО-гийн хариу арга хэмжээг “сорих оролдлого” болсон ОХУ-ын дроны халдлагуудыг хэлэлцэхээр болжээ.
Польш улс лхагва гарагт өөрийн агаарын орон зайг зөрчсөн Оросын дронуудыг сөнөөснөөс хойш зүүн хилийнхээ дагуу (Беларусь, Украинтай хиллэх хэсэгт) дрон нислэгийг хориглож, жижиг оврын нисэхийн хөдөлгөөнийг ч хязгаарлаад байгаа билээ.
Польшийн энэ алхамд НАТО-гийн холбоотнууд дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ үйл явдал Орос-Украины дайны үеэр цэргийн эвслийн гишүүн улс анх удаа буудлага хийсэн тохиолдол боллоо. Үүний дараа Герман НАТО-гийн зүүн хилийн баталгааг нэмэгдүүлэхээ мэдэгдэв.
ОХУ Польшид цохилт өгөх зорилго байгаагүй гэж мэдэгдээд, цаашид тайлбар хийхгүй гэв. НАТО-гийн ахлах командлагчийн хэлснээр дроны нэвтрэлт санаатай эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн ч энэ үйл явдал НАТО-гийн дроны довтолгоонд бэлэн эсэхэд эргэлзээ төрүүлж, Оростой хурцадмал байдлыг нэмэгдүүлэн, зарим барууны удирдагчдыг Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ шаардахад хүргэж байна.
Словени, Дани, Грек, Франц, Их Британи зэрэг НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд уг асуудлаар 15 гишүүнтэй байгууллагад хурал зарласан байна.
Албаныхны мэдээлснээр мягмар гарагт шөнө Польшийн F-16 сөнөөгч онгоц, Голландын F-35, Италийн AWACS тандалтын онгоц болон НАТО-гийн агаарт цэнэглэх онгоцууд хамтран ажиллагаа явуулж, Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн дронуудыг сөнөөжээ. Одоогоор 16 дроны үлдэгдлийг сэргээн авчирсан гэж Батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш парламентад мэдээлэв. Тэрээр Украинд үзүүлж буй Польшийн логистикийн дэмжлэг нь халдлагын шалтгаан болсон байж болзошгүйг онцоллоо.