Сэтгэл зүйч, СЭЗИС-ийн сэтгэл судлалын багш Ш.Хонгорзултай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, багадаа авсан сэтгэл зүйн гэмтэл хэрхэн ирээдүйд нөлөөлдөг талаар ярилцлаа.
-Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо, үүрэг яагаад чухал талаар яриагаа эхлэх үү. Эцэг, эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа юу вэ?
-Мэдээж хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо хамгийн чухал. Эцэг, эхтэйгээ хамт амьдарч хамтдаа хамгийн их цагийг өнгөрүүлдэг учраас хүүхдийн хүмүүжилд амин чухал үүрэгтэй байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг нийтлэг алдаа гэвэл ярилцаж сураагүй байдаг. Хүүхдээ юугаар ч дутаахгүй амьдруулах, чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө өглөөнөөс орой хүртэл завгүй ажиллаж байна гэж их ярьдаг. Иймээс хүүхдийн материаллаг хэрэглээ буюу идэж, уух, өмсөж зүүх, сургалтын төвд явах төлбөр, гар утас, тоглох тоглоом гээд маш сайн хангаж өгдөг. Харин сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг маш чухал мөртлөө материаллаг хэрэглээнээс өөр зүйл гэдгийг эцэг эхчүүд ойлгодоггүй. Хүүхэд нь үе тэнгийнхнийгээ зодох, дээрэлхэх, вэйп татах, согтууруулах ундаа хэрэглэсний дараа гэнэт эцэг, эхчүүд “Манай хүүхэд уг нь гэрээсээ гардаггүй, үгэнд сайн ордог, маш сайн хүмүүжилтэй хүүхэд. Яагаад ийм хэрэг гарчхав, ойлгохгүй байна. Энэ хүүхдийг юугаар ч дутаахгүй өдий зэрэгтэй өсгөж байна” гэдэг. Юугаар ч дутаахгүй гэдгээ дандаа материаллаг зүйлээр хэлэлцдэг. Хүүхэдтэйгээ ярилцаарай гэхээр ярилцдаг гэнэ. Ингэхдээ өнөөдөр анги дээр нь юу болсон, хэнтэй найзалдаг, дугуйландаа явсан уу, багш нь яаж байна гэдэг зүйл ярилцсаныгаа ярилцсан гэдэг. Гэтэл хүүхэд хорвоо ертөнцтэй танилцаж байгаа. Ээж, аав нь юу ярина, тэр бүхнийг дуурайна. Хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ, багштайгаа, нийгэмтэйгээ яаж харилцах гэдэг талаар урьдчилан сэргийлж сэтгэл зүйн бэлтгэлийг нь бэлдэж, зөвлөж байх нь хамгийн чухал.
-Орчин үед нийгмийн байдалтай холбоотойгоор гэх юм уу хүмүүс эцэг, эхчүүд гадагшаа ажиллахаар олноороо явж байна. Эцэг, эхээсээ хол байх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Маш их нөлөөлдөг. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа өсвөр насны хүүхдүүдийг ажиглахад ээж, аав нь Солонгос эсвэл аль нэг гадаад орныг зорьсон байдаг. Аль эсвэл салчихсан буюу ямар нэгэн байдлаар ээж, аавтайгаа элэг бүтэн амьдрахгүй байгаа хүүхдүүд байна. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд маш их ганцаарддаг. Сэтгэл зүйгээ чөлөөтэйгөөр илэрхийлж ярьдаггүй. Юу дутагдаж, яаж байна гэхээр “Зүгээр ээ, болж байгаа, дажгүй” гэдэг үгээр халхавч хийчихдэг. Өөрт төрж байгаа мэдрэмжээ гадагшлуулдаггүй. Ингэснээр өсвөр насанд эсвэл нас биед хүрээд ирэхээр мэдрэмж нь ямар нэгэн хүчтэй зан үйлээр илэрдэг. Гэнэт архинд донтох, ямар нэгэн болохгүй муу зуршилтай болдог. Өөрөөр хэлбэл, энэ нь ирээдүйд ямар нэгэн зүйлд хүчтэй донтох донтолтын суурь болдог. Юуны тулд эцэг, эх, хүүхэд, гэр бүл гэдэг тодотгол байгаа билээ. Аль болох хамтдаа байх нь хамгийн чухал.
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү.
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог гэдэг нь хүүхэд наснаасаа насанд хүрэгчид рүү шилжиж байгаа шилжилтийн үеийг хэлдэг. Мөн сарын тэмдэг ирэх, бэлгийн харилцаанд орох гээд дааврын өөрчлөлт бусад насны үечлэлийг бодвол хамгийн өндөр явагддаг. Түүнийгээ дагаад сэтгэл зүйн хувьд хамгийн тогтворгүй болдог үе гэж хэлж болно. Охидтой ээж, аавуудын хувьд сарын тэмдэг ирэхээс 3-5 хоногийн өмнө ямар ч эмэгтэй хүн уурладаг, бухимддаг учраас тэр үедээ үе тэнгийнхэнтэйгээ эвтэй харилцахыг хичээгээрэй гэж охиддоо хэлж өгөх нь зүйтэй. Энэ нь ганцхан чамд биш эмэгтэй хүн болгонд тохиолддог зүйл гэдгийг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол охид сарын тэмдэг ирэхээс өмнө огцом уурладаг. Өөрөө яагаад байгаагаа мэдэхгүй байгаагаасаа болоод үе тэнгийнхнийгээ зодох, дээрэлхэх, муухай аашлах асуудал гарч байна. Намайг хүүхэд байхад хөвгүүд л хоорондоо зодолдож нэг нэгнийгээ дээрэлхдэг гэж ярьдаг байсан бол одоо эсрэгээрээ болсон. Охид, хөвгүүдийг зодож байна. Хөвгүүдтэйгээ нийлж тэвнэ зүүгээр хатгаад ангийн багшид хэлбэл бүр илүү хүчтэй хатгана гэх мэтчилэн асуудал ярьдаг. Гэтэл яагаад тэгснийг асуухаар “Зүгээр миний уур маш их хүрээд байсан” гэдэг. Тэгвэл уур нь яагаад хүрч байгаа гэхээр сарын тэмдэг ирэхээс өмнө долоо хоногийн өмнө сэтгэл зүйн өөрчлөлтүүд явагдаж байгаа гэсэн үг. Хүүхэд болохоор түүнийгээ мэдэхгүй, гадагшлуулж байгаа хэлбэр нь хэн нэгнийг бэртээх, гэмтээх, үгийн муухайгаар доромжлох болоод байгаа юм. Сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргаж байгаа гэсэн үг. Энэ үед ээж нар нь охидтой ярилцах шаардлага гарна. Иймэрхүү зүйлүүдийг сэтгэл зүйн хувьд бэлдэж өгч ярилцах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр ямар хоол идсэн, хичээл нь ямар байсан гэдэг нь өдөр тутмын ахуйн чанартай яриа. Сэтгэл зүйн яриа гэдэг нь асуудалд урьдчилан бэлтгэх буюу учир шалтгаануудыг тайлбарлах юм.
-Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд амиа хорлох нь ихсээд байгаа ажиглагдаж байна. Энэ нь юутай холбоотой гэж мэргэжилтний хувьд харж байгаа вэ?
-Өсвөр насны хүүхдүүд вэйп татах, үерхэх асуудал дээр сониуч хандаж байна. Харин амиа хорлолтод ямар ч хүн сониуч байдлаар ханддаггүй. Амиа хорлох нь сэтгэл зүйн хэмжээнд хамгийн сүүлийн сонголт. Тэгэхээр тухайн хүүхдийн сэтгэл зүйн асуудал нь хамгийн багадаа 4-5 жилийн өмнө эхэлсэн, яаж даван туулж гадагшлуулахаа мэдэхгүй хуримтлуулсаар байгаад эцсийн бүлэгт амиа хорлох сонголтыг хийдэг. Олон жил ээж, аав нь хол ганцаардсан эсвэл үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн юм уу ямар нэгэн учир шалтгаан удаан хугацаанд байсан гэсэн үг.
-Бага насандаа ээж, ааваасаа шалтгаалан сэтгэл зүйн гэмтэл авбал ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ. Хэрвээ авсан бол түүнийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-Монголчууд үүнийг түгээмэл траума гэж ярьдаг. Тухайлбал, траума гэдэг нь аав, ээж нь архи ууж хэвтэрт ортол нь зодоход ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэл үүсгэнэ. Гэхдээ тухайн үед нь ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байж болно. Гэхдээ 5-10 жилийн эсвэл нас биед хүрснийх нь дараа ажлын байранд гарах, хамт олонтой болох, гэр бүл зохиох юм уу шинэ нөхцөл байдалд орох үед өөртөө итгэлгүй байх, үнэлэмж буурах гэх мэт шинжээр илэрдэг. Түүнийг сэтгэл зүйч нар эзэмшсэн арга барилынхаа дагуу оношилж, сэтгэл зүйн үйлчилгээ, заслын аргуудыг хэрэглэдэг гэсэн үг.
-Сэтгэл зүйн асуудлууд чимээгүй тахал гэдэг шиг хүний дотор хэдэн ч жилээр нуугдах эрсдэлтэй гэж үү?
-Тэгэлгүй яах вэ. Монголчуудын сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж байгаа нөхцөл байдлыг харахад дандаа хүүхэд насандаа гэмтэл авсан байдаг. Мөн архины хамаарлаас шалтгаалсан байдаг. Аав нь архи ууж ирээд ээжийг нь хэвтэрт ортол нь долоон хоног зодоод эсвэл сургууль дээр нь очиж өөрийнх нь хөл гарыг хугалах зэрэг дандаа л архитай холбоотой хүчирхийлэлд өртсөн байдаг. Тэнд байсан хүүхэд айдастай, түгшүүртэй байсан нь ойлгомжтой. Хүн тайван, стрессгүй байх нь чухал. Тухайн хүн өөрийнхөө сэтгэл зүйг ойлгож, ажиллахгүй бол хамгийн хэцүү нь хосын харилцаанд нөлөөлдөг. Ярилцаж сураагүй, уурлахаараа зоддог. Зодоон удаан үргэлжлээд ирэхээрээ эцсийн бүлэгт гэр бүл салалт руу ордог. Монголын нийгэмд гэр бүл салалт асар их байгаагийн шалтгаан нь ярилцаж сураагүйтэй холбоотой.
-Хэрхэн ярилцаж сурах вэ. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?
Сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарахын тулд хүн өөртөө чанартай цагийг гаргаж сурах хэрэгтэй. Мөн өөрөө өөрийгөө ажиглаж мэдрэх. Би ямар асуудалд уурлаж бухимддаг, стрессээ яаж гадагшлуулдаг гэх мэтээр өөрийнхөө мэдрэмж зан үйлийг ажиглаж өөрийгөө таньж мэдэх нь хамгийн чухал юм. Өөрийгөө таньж мэдэхийн ач тус нь өөрийнхөө давуу болон сул талыг хүлээн зөвшөөрч, мөн бусдыг байгаагаар нь хүлээн авч хүндэтгэлтэй хандаж эхэлдэг. Өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурснаар асуудалд сэтгэл хөдлөлөөр биш учир шалтгаан нь юу байсан бэ гэж бодитоор хандаж эхэлдэг. Энэ нь хүнд үзэл бодлоо чөлөөтэй, эелдгээр илэрхийлж сурах эхлэл нь болдог.