"Уул уурхайн 7 хоног" арга хэмжээний үеэр “Оюу толгой” ХХК-ийн Эрсдэл, Баталгаажуулалт хариуцсан Ахлах мэргэжилтэн Б.Давааням "Эрсдэлийн менежментийн засаглал, чадамж" сэдвээр сонирхолтой итгэлийг тавьсан юм. Энэ үеэр түүнтэй “Оюу толгой” компанид хэрэгжүүлдэг эрсдэлийн менежментийн талаар ярилцлаа. Тэрээр уул уурхайн салбарт 13 жил ажилласан туршлагатай. Эрсдэлийн менежмент, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, онц ноцтой аюулын засаглал болон баталгаажуулалтын тогтолцооны чиглэлээр мэргэшсэн аж.
-“Оюу толгой” компани дэлхийн бусад уурхай, үйлдвэрүүдтэй харьцуулахад эрсдэлийн менежментээрээ хаана явж байна гэж та боддог вэ. Ялангуяа ижил түвшний компаниудтай харьцуулахад?
-“Оюу толгой” компани нь эрсдэлийн менежмент, аюулгүй ажиллагааны чиглэлээр олон улсын уул уурхайн салбарын ижил түвшний компаниудтай харьцуулахад тэргүүлэх байр суурь эзэлдэг. Ялангуяа Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааны стандартуудыг өндөр түвшинд хэрэгжүүлж, осол, зөрчлийн тоог хамгийн бага түвшинд барьж чаддаг уурхайнуудын нэгт тооцогддог.
Энэ амжилтын үндэс нь бүх түвшний ажилтнуудын эрсдэлийн талаарх хандлага, мэдлэг, мэдээлэл, оролцоо өндөр байгаатай холбоотой. Бид хамтдаа эрсдэлийг таньж, үнэлж, удирдах үйл явцыг үр дүнтэй хэрэгжүүлж чаддаг болсон нь компанийн соёлын нэг хэсэг болж төлөвшсөн.
-“Оюу толгой” компани үүсгэн байгуулагдсан цагаасаа аюулгүйн ажиллагааны сайжруулалтыг хийсээр ирсэн байх. Сүүлийн үеийн онцлох технологийн шинэчлэл юу байна вэ?
-Манай компани аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр олон төрлийн технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж ирсэн. Тэдгээрээс хамгийн онцлох нь CAS буюу мөргөлдөхөөс сэргийлэх систем юм.
CAS систем нь олон улсын EMESRT стандартын дагуу уул уурхайн тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг 9 түвшинд үнэлдэг. “Оюу толгой” компани уг системийг нэвтрүүлснээр аюулгүй ажиллагааны наймдугаар түвшинд хүрч чадсан.
Ил уурхайд ашиглагдаж буй хөнгөн, дунд, хүнд оврын 200 гаруй тээврийн хэрэгсэл CAS системээр тоноглосон. Тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаас хамааран мэдрэгч, тохиргооны шийдлүүд нь харилцан адилгүй байдаг. Иймд уурхайн нөхцөлд тохируулан системийг оновчтой ажиллуулах чадамжийг дотооддоо бүрдүүлсэн нь бидний давуу тал юм. Мөн тус системтэй холбоотойгоор 1000 гаруй хүнийг сургасан.
-CAS системийг нэвтрүүлснээр ямар үр дүнгүүд гарсан бэ?
-CAS системийг нэвтрүүлснээр ил уурхайд ашиглагдаж буй хүнд оврын тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөх, онхолдох эрсдэл мэдэгдэхүйц хэмжээнд буурсан. Тус систем нь тээврийн хэрэгслүүд хоорондын аюулгүйн зайг хэт ойртох үед хүний оролцоогүйгээр автоматаар зогсох боломжийг бүрдүүлдэг тул ослоос урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Оюу толгойн инженер, техникийн баг CAS системийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ, тохиргоо, хөгжүүлэлтийг үйлдвэрлэгчийн оролцоогүйгээр дотооддоо бүрэн гүйцэтгэх чадамжийг эзэмшсэн. Уурхайн нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтад нийцүүлэн системийн тохиргоог оновчтой боловсруулж, тасралтгүй сайжруулалт хийж байгаа нь технологийн дотоод чадавх, аюулгүй ажиллагааны соёлын төлөвшлийг илтгэж байна.
Б.Давааням
-Ер нь энэ том зэсийн ил болон далд уурхайд эрсдэлийн менежментийн тогтолцоог хэрхэн хэрэгжүүлдэг талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Эрсдэлийн менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд холбогдох бодлого, журам, стандартуудыг боловсруулж, байгууллагын бүх түвшинд нэвтрүүлэх шаардлагатай. “Оюу толгой” компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, дүрэм, стандартуудад тулгуурлан өөрийн эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг боловсруулсан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд үндэсний хууль, стандартуудыг ч эшлэл болгон тусгасан.
Бид олон улсын тэргүүлэх стандартуудыг хэрэгжүүлж, эрсдэлийн менежментийн тогтолцоог долоон үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Эдгээр үе шатыг бүрэн хангаж хэрэгжүүлсний дараа эрсдэлийн үнэлгээг гурван үндсэн түвшинд ангилан гүйцэтгэдэг. Тодруулбал:
Анхан шатны үнэлгээ – Бүх ажилтан өөрийн ажлын хүрээнд ажлын аюулын дүн шинжилгээ хийж, эрсдэлийг таньж, үнэлэх үүрэгтэй.
Хоёрдугаар түвшний үнэлгээ – Өмнө нь хийгдээгүй, өндөр эрсдэлтэй, багаар гүйцэтгэх шаардлагатай ажлуудад хамаарна.
Гуравдугаар түвшний үнэлгээ – Томоохон төсөл, хүний амь нас эрсдэх эрсдэлтэй хөтөлбөрүүдийн хүрээнд тоон аргын нарийвчилсан үнэлгээг хийдэг.
Энэхүү шаталсан тогтолцоо нь эрсдэлийг системтэй, шат дараалалтайгаар удирдах боломжийг бүрдүүлж, уурхайн аюулгүй ажиллагааг тасралтгүй сайжруулах үндэс болдог.
-Танай компани эрсдэлийн мэргэжилтнийг хэрхэн бэлддэг вэ?
-“Оюу толгой” компанид эрсдэлийн үнэлгээ хийх чадамжтай ажилтнуудыг шаталсан сургалт, үнэлгээний тогтолцоогоор дамжуулан бэлтгэдэг. Энэ нь эрсдэлийн үнэлгээний гурван түвшинд хамаарах ур чадварын шаардлагад үндэслэдэг. Үүнд, дараах зүйлс багтаж байна.
Компанийн бүх ажилтан найман цагийн сургалтад хамрагдаж, ур чадварын шалгалт өгсний дараа ажлын талбайд анхан шатны эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болдог. Үүний дараа удирдлагын зүгээс талбайд очиж, манлайлал болон коучинг хийдэг.
Сонгогдсон ажилтнууд найман цагийн нарийвчилсан сургалтад хамрагдаж, онолын болон практик шалгалт өгдөг. Эцэст нь тухайн ажилтны удирдан зохион байгуулсан эрсдэлийн үнэлгээг үнэлж, баталгаажуулснаар хоёрдугаар түвшний мэргэжилтнээр хүлээн зөвшөөрдөг. Энэ түвшинд эрсдэлийг илүү гүнзгий таньж, бусдыг чиглүүлж, зааварчилж чадах ур чадвар шаарддаг. Одоогоор манай компанид хоёрдугаар түвшний 200 гаруй ажилтан бэлтгэгдсэн.
Тоон аргын нарийвчилсан эрсдэлийн үнэлгээг хийх чадвартай мэргэжилтнүүдийг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын сургалтад хамруулж, Рио Тинто компанийн хөндлөнгийн баталгаажуулалтаар үнэлдэг. Одоогоор “Оюу толгой” компанид Рио Тинтогийн бүх уурхайн хэсэгт гуравдугаар түвшний үнэлгээ хийх эрхтэй хоёр мэргэжилтэн бэлтгэгдээд байна.
-Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд эрсдэлийн менежмент хийхдээ юунд анхаарах хэрэгтэй гэж хардаг вэ. “Оюу толгой” компанийн жишиг болгохоор зүйл юу вэ?
-Эрсдэлийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд тухайн компанид тохирсон дотоод дүрэм, журам, стандартуудыг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ эдгээр баримт бичгүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, аргачлалаас эшлэлтэй, уялдаа холбоотой байх нь чухал.
Мөн компанийн удирдлагын бүх түвшинд эрсдэлд суурилсан шийдвэр гаргах, зөвлөмж боловсруулах соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ нь аливаа эрсдэлийг урьдчилан таньж, сэргийлэхэд чухал нөлөөтэй. “Оюу толгой” компани энэ чиглэлээр Рио Тинтогийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны стандартыг нутагшуулж, онц ноцтой эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байна.
Монгол Улс энэ жишгийг хүнд үйлдвэрлэлийн салбартаа өргөн хүрээнд нэвтрүүлснээр осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах боломжийг нэмэгдүүлнэ.
-Цаашид Оюу толгой компани эрсдэлийн менежмент талдаа ямар технологи нэвтрүүлэхээр зорьж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Рио Тинто группийн эрсдэлийн бодлого, чиглэлд томоохон өөрчлөлт орж, “зангиан аргачлал” буюу 72 жишиг эрсдэлийн загвар бүхий шинэ аргачлалыг нэвтрүүлж эхэлсэн. “Оюу толгой” компанийн хувьд эдгээрээс 38 эрсдэл хамааралтай гэж тодорхойлогдсон. Иймд 2025 онд 25 эрсдэлийг, дараагийн шатанд үлдсэн 13 эрсдэлийг нутагшуулах зорилт тавин ажиллаж байна.
Эдгээр жишиг эрсдэлийн хүрээнд тодорхойлогдсон чухал хяналтуудыг талбай дээр илүү нарийвчлан баталгаажуулах, ажилтан бүр эрсдэлийг “эзний сэтгэл”-ээр хүлээн авч, хариуцлагатай хандах соёлыг төлөвшүүлэх нь бидний гол зорилт.
Цаашдын стратегийн хүрээнд бид эдгээр чухал хяналтыг 85 хувиас дээш үр дүнтэй хэрэгжүүлэх зорилт тавьсан. Мөн ойрын таван жилд энэ түвшинд хүрэхийн төлөө системтэй, шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлнэ.