Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

Судалгаа: Нийслэлд хүний сонсголд аюул учруулахуйц дуу чимээний бохирдол үүсжээ

Судалгаа: Нийслэлд хүний сонсголд аюул учруулахуйц дуу чимээний бохирдол үүсжээ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор НИТХ-ын дарга А.Баярын захирамжаар “Чанга дуу чимээний ажлын хэсэг” байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг нь бүдүүн яндантай болон мотоцикл, кросс төрлийн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар шөнийн 22.00 цагаас хойш авто замын хөдөлгөөнд хэт чанга дуу чимээ гаргахгүй байх, нийтийн эрх ашгийг хүндэтгэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар өнгөрөгч өдөр Тээврийн цагдаагийн алба, ЗХУТ, Авто тээврийн үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүдийн хамт 32-ын тойрог, 100 айлын орчимд хяналт шалгалт хийсэн байна. Энэ үеэр тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшинг хэмжиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа жолооч нарт анхааруулга өгчээ.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 830 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс мотоциклын тоо сүүлийн хоёр жилд эрс өссөн. Монгол Улсын MNS 4599:2003 стандартын дагуу тээврийн хэрэгслийн дуу чимээ 74 децибелиэс хэтрэх ёсгүй боловч зарим кросс төрлийн мотоциклийнх 110 децибел давж байгаа нь ноцтой зөрчил юм. Мөн хяналт шалгалтын явцад бүртгэлгүй, бичиг баримтгүй мотоцикл, суррон илэрсэн тул тэдгээрийг бүртгэх, техникийн үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Цаашид тогтмол хяналт шалгалт зохион байгуулж, үр дүнг НИТХ-д танилцуулах бөгөөд тодорхой уулзваруудад дуу чимээ хэмжигч төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн" гэлээ.
ЗХУТ-ын Зөрчил, бүртгэлийн хэлтсийн дарга Б.Болд: Замын камерууд 50 метрийн радиуст дуу чимээг бичиж, 180 градуст хяналт тавьж байгаа. Ялангуяа 5-8 дугаар сард мотоциклийн тоо огцом нэмэгддэг тул мотоциклд зориулсан дуу чимээний тусгай стандарт боловсруулан мөрдүүлэх, мөн техникийн хяналтын үзлэгт тусгах шаардлагатай.
Судалгаагаар хүний сонсголд аюул учруулах дуу чимээ 140 децибелээс эхэлдэг бөгөөд энэ нь тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцны түвшинтэй дүйцэхүйц чанга юм. Тиймээс нийтийн эрх ашгийг хамгаалж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс дуу чимээний бохирдлыг бууруулах нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн