Монгол Улсын төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 1990 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн Төмөртэйн овооны цайрын ордыг үгсэн хуйвалдах замаар тусгай зөвшөөрлийг нь авч, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсаар байгаа этгээдүүдийн үйлдлийг хуулийн дагуу шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандахыг ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.
Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн Монгол Улсын нэр бүхий иргэдийн эзэмшилд байгаа 50 хувийн хувьцааг хуульд нийцүүлэн шилжүүлэх замаар “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулж, ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгав.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэйн овооны цайрын орд нь 7 сая 689.5 мянган тонн хүдрийн нөөцтэй. УИХ-аас баталсан стратегийн ач холбогдол бүхий 16 ордын нэг юм. Тус ордод 1975-1979 онд улсын төсвийн 571.000 ам.долларын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байжээ. Улмаар уг ордыг түшиглэн 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 ортой цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, ДГ-72 маркийн гурван агрегат бүхий цахилгаан станц, 10 машины граж, 1 км орчим урттай эрчим хүчний шугам зэрэг бүтээн байгуулалтыг өнөөгийн үнэ цэнээр 31.5 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн байна.
Хятадын нэр бүхий корпорацийн 1995 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тус ордоос жилд 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, 18.5 сая ам.долларын бүтээгдэхүүн боловсруулж, 6.2 сая ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолжээ. Тухайн үеийн 6.2 ам.доллар нь өнөөгийн ханшаар 45.9 тэрбум төгрөг юм.