Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн үнэнч холбоотон, өмнө нь барууны үзэлтнүүдийн эгнээнд байсан ч 2017 оны сонгуулийн үеэр түүний талд орсон Себастьян Лекорнюг шинэ Ерөнхий сайдаар томиллоо. Энэ нь Макрон барууны үзэлтэй байр сууриа хадгалж, бизнесийг дэмжсэн татварын бодлого болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зэрэг шинэчлэлээсээ ухрахгүй гэсэн дохио болж байна.
39 настай Лекорню “Ерөнхийлөгч улс орны тусгаар тогтнол, хүч чадлыг хамгаалах, ард түмэндээ үйлчлэх, улс төр, институцийн тогтвортой байдлыг хангах тодорхой чиглэлтэй Засгийн газар байгуулах үүргийг надад өглөө. Энэ итгэлд талархаж байна” гэж “X”-д бичжээ. Лекорню сүүлийн хоёрхон жилд Макроны тав дахь Ерөнхий сайд болж байна. Өмнөх Ерөнхий сайд Франсуа Байруг улсын өрийг танах төлөвлөгөөнөөс нь болж парламент огцруулсан билээ.
Энэхүү томилгоо ард түмний бухимдлыг улам өдөөж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Зүүний намууд шинэ Ерөнхий сайдын томилгоог эсэргүүцэж, лхагва гарагт улс даяар “Бүхнийг Блокло” жагсаал зохион байгуулахыг уриалжээ. Хэт зүүний “Франц бөхийхгүй” нам Лекорнюгийн эсрэг итгэл үл илэрхийлэх санал гаргахаа мэдэгдсэн ч энэ нь амжилт олох магадлал багатай. Учир нь баруун жигүүрийн Үндэсний эв нэгдэл (RN) намын дарга Жордан Барделла түр хугацаанд ч болов төсвийн асуудлаар Лекорнутай хамтран ажиллаж болохоо илэрхийлсэн байна.
RN нам татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэж, цагаачлалын зардал, төрийн хэт их зарлага, Францын ЕХ-нд оруулдаг хувь нэмрийг бууруулахыг шаардаж байгаа. Лекорню өнгөрсөн жил RN-ын удирдагч Марин Ле Пен, Барделлатай нууцаар оройн зоог хийж байсан нь ил болж байв.
Лекорнюгийн нэн даруй хийх ёстой ажил бол 2026 оны улсын төсвийг хэлэлцэн батлуулах. Байру чухам энэ асуудал дээр бүтэлгүйтэж, албан тушаалаасаа буусан билээ. Францын төсвийн алдагдал ЕХ-ны зөвшөөрөгдөх дээд хязгаар болох ДНБ-ий 3 хувиас даруй хоёр дахин их байгаа тул улс орон өрийн дарамтад улам гүн шигдэж, улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж байна.
Лекорню хамгийн сүүлд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх ажлыг удирдан, Украинд ОХУ-тай энхийн хэлэлцээр хийх тохиолдолд аюулгүй байдлын баталгааны талаар Европын байр суурийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр ердөө 16 настайдаа хуучин Ерөнхийлөгч Николя Саркозийн төлөө сонгуулийн ажил хийж эхэлсэн бөгөөд 18 насандаа Нормандын жижиг хотын дарга болж, 22 насандаа Саркозийн хамгийн залуу зөвлөхөөр томилогдож байв. Лекорню 2017 онд Макрон анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход барууны Бүгд найрамдахчууд намаасаа гарч, Макроны төвийн хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд таван жилийн дараа түүний дахин сонгуульд өрсөлдөх кампанит ажлыг удирдсан.
Өөрийн жигүүрээс, бас барууны үзлийн өнгө аястай улстөрчийг Ерөнхий сайдаар томилсноор Макрон эдийн засгийн гол бодлогуудаа ямар ч үнээр хамаагүй хадгалж үлдэхээр шийдсэн бололтой гэж үзэж байна. Социалистууд баячуудын татварыг цуцлах, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зэрэг Макроны гол шинэчлэлийг эргэж харахаа амалсан ч Ерөнхийлөгч эдгээр бодлогоо Францыг хөрөнгө оруулагчдад илүү сонирхолтой болгохын тулд зайлшгүй хэрэгтэй гэж үздэг.