Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гарсан тарваган тахлын хоёр голомтын тохиолдол, үүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 110 иргэдийг хяналтад аваад байна. Нөхцөл байдал амар биш эрсдэл өндөр байгаа учраас Хөвсгөл аймгийн Улсын онцгой комисс хатуу дэглэм тогтоосон. Сургууль, цэцэрлэгийг хааж, худалдаа, аж үйлдвэрийг зогсоосон. Есдүгээр сарын 15 хүртэл Хөвсгөл аймгийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Мөн Цагаан сум ч хөдөлгөөн бүрэн зогсоосон байдалтай байна. Бид Улаанбаатар хотоос явуулын баг илгээсэн. ОХУ-аас бэлэглэсэн хоёр явуулын лаборатори очоод байна. Ингэснээр нян судлалын 72 цагийн дотор хариу гардаг шинжилгээг хурдасгах боломж бүрдсэн. Шуурхай халдвартай эсэхийг баталж, хорио цээрээс гаргах асуудлыг судалж байна. Нөхцөл байдлыг үнэлэхэд халдвар эрсдэл өндөртэй гэж гарч байгаа учраас нэмэлт хүчээр ХӨСҮТ, НЭМҮТ, Зоонозын үндэсний төв бүтэн багуудаараа очиж ажиллаж байна.
Тарваган тахлын эхний тохиолдол болох Э гэгч иргэн эмнэлгүүдээр нэлээд явсан. Эмнэлгүүдээр явахдаа тарваганы мах идсэн, түүхий тарваганы маханд хүрч байсан гэдэг мэдээлэл өгөөгүй. Энэ нь оношилгоог удаашруулах ноцтой байдал үүсгэсэн. Харин комд орсон үед нь ар гэрийнхэн нь тарваганы мах идсэн гэдэг мэдээлэл хэлснээр мэдэж, онош батлагдсан. Энэ хооронд сумын эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, эрчимт эмчилгээ, комын байдалтай өөр эрчимт эмчилгээ шаардлагатай байсан хүмүүс гээд маш ноцтой байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг улаан бүсийн байдалтай байна. Тэр дотор 99 гаруй эмнэлгийн албан хаагчид ажиллаж байгаа. Тарваган тахал ямар ноцтойг монголчууд бүгд мэднэ. Тарваган тахлаас сэргийлэх гол зүйл бол байгалийн голомттой газруудад тарвага агнахгүй байх юм. Тарваган тахал туссан гэдэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг биш болохоор иргэд айх хэрэггүй. Гэхдээ мэдээллээ үнэн зөв хэлэхгүй, оношилгоо хоцорвол ямар аюулгүй гэдгийг эхний тохиолдол батлан харуулж байна.
Монгол Улсад тарваган тахлын эсрэг вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй анчид, малчид, холбогдох ажилтнуудад хийдэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд вакцин оруулж ирээгүй. Учир нь уг вакциныг зөвхөн ОХУ болон Украинд үйлдвэрлэдэг. Манай улс вакцинд өндөр шаардлага тавьдаг учир оруулж ирэх боломж хязгаарлагдмал байна. Цаашид зайлшгүй тохиолдолд ашиглах тарваган тахлын эсрэг вакциныг нөөцлөхөд онцгойлон анхаарна. Гэхдээ вакцин байгаад 100 хувь хамгаалдаг гэсэн үг биш.
Тарваган тахлын уушгины эсвэл булчирхайн хэлбэр үү гэдэг нь маш чухал. Ялангуяа уушгины хэлбэрээр маш хурдан тархдаг. Энэ бол халдварлах чадвар маш өндөртэй бактери. Одоогийн байдлаар тархсан хоёр голомт булчирхайн хэлбэртэй. Гэхдээ булчирхай хэлбэртэй анхны тохиолдол хүндрээд амьсгалын аппаратад орсон. Энэ байдлаасаа болоод уушгины хэлбэрт шилжсэн. Ингээд халдвар нэлээд ноцтой гэж сандраад байгаа юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хот болон бусад аймгуудаар тархсан тохиолдол бүртгэгдээгүй.