Open iToim app
Анализ | 12 мин уншина

“ХӨХ ТЭНГЭР” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОЙМ: Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага

Нийтэлсэн 4 минутын өмнө
Техник технологийн үсрэнгүй хөгжил дэлхийн нийтийн ирээдүйг харах өнцгийг өдөр ирэх тусам өөрчилсөөр байна. Энэ ч утгаараа дижитал эдийн засаг улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч нь болсоор байгаа билээ. Тиймээс энэ асуудалд олон талаас нь анхаарч, бодитой арга хэмжээ авч, технологийн шилжилт хийх зайлшгүй шаардлага манай улсад үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор дэлхийн дижитал эдийн засагт Монгол Улсын эзлэх боломжийн талаар хэлэлцсэн “Хөх тэнгэр” хэлэлцүүлэг есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд болж өнгөрлөө. “Монгол Улсын технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага” сэдэвт уг хэлэлцүүлгийг "Оюу толгой" ХХК, "Рио Тинто" групп, Эдийн засгийн хөгжлийн төв болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулсан юм.
undefined
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр салбарын экспертүүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, үндэсний болон олон улсын стартапууд, мөн хөрөнгө оруулалтын сангуудын төлөөллүүд уул уурхай болон бусад уламжлалт салбаруудыг хэрхэн технологийн дэвшлээр бэхжүүлэх, инновацын хэлхээ экосистемийг бүрдүүлэх орчин, дижитал шилжилтийн дэлхийн зах зээл болон стартапуудын боломж зэрэг өргөн агуулгаар хэлэлцсэнийг тоймлон хүргэж байна.
undefined
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга Ч.Анар: Монгол Улс уул уурхайгаа хиймэл оюун ухаантай холбосон дэлхийн анхны улс болох боломжтой
Монголын технологийн болон стартапын компаниуд олон улсаас хөрөнгө оруулалт татаж эхэлж байна. Монгол Улс ердөө 3.5 сая хүн амтай ч олон стартапууд амжилттай хөгжиж, ойролцоогоор 300 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий нөлөө үзүүлжээ. Интернэт нэвтрэлтийн түвшин албан ёсоор 83 хувь гэж бүртгэгдсэн ч бодитоор 91 хувьд хүрсэн. Монголын хүн амын дундаж нас 27. Шинэ загвар, шинэ технологид хурдан дасан зохицох чадвартай, маш идэвхтэй залуу нийгэм гэсэн үг. Мөн математик, хиймэл оюун ухаан, инженерчлэлийн салбарын олон авьяаслаг мэргэжилтнүүд дэлхийд өрсөлдөж байна.
Гэвч Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хараат хэвээр байна. ДНБ-ий 30 хувь, экспортын 92 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай гэсэн тоо баримт бий. Экспортын зах зээл бараг бүхэлдээ Хятад руу төвлөрсөн байгаа нь эрсдэл дагуулж байна. Энэ хараат байдал нь нийгмийн бүх давхаргад эерэг үр өгөөж өгөхгүй нь тодорхой. Харин ч эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна.
Монгол Улсад урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого бий ч шинжлэх ухаан, технологи, боловсролд оруулах хөрөнгө оруулалт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн. Уул уурхайн орлого зөвхөн цөөн компанийн үнэлгээ болон ханган нийлүүлэлтийн сүлжээний төгсгөлд ашиг авчирч байгаа бөгөөд нийт нийгэмд хүртээмжтэй ашиг болж чадахгүй байгааг дурдах нь зүйтэй. Иймээс технологи, инновац, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монголын ирээдүйд стратегийн ач холбогдолтой асуудал болоод байна.
Монгол Улсад урт хугацааны бодлого бий ч хэрэгжилт сул байна. Бид үгээр бус, бодит хэрэгжүүлэлт рүү шилжих шаардлагатай. Уул уурхайгаас орж буй хөрөнгийг зөв ашиглаж, технологи, инновац, боловсролтой уялдуулах нь зүйтэй. Бид зөвхөн түүхий эд эсвэл чадварлаг мэргэжилтнүүдээ гадагш экспортлохоос илүүтэйгээр, Монголыг хил хязгааргүй технологийн экспортлогч улс болгох хэрэгтэй.
Ирэх 50 жил технологи, хиймэл оюун ухаанаар тодорхойлогдоно. Монгол Улс байгалийн баялгаа хүний нөөцийнхөө онцгой давуу талтай хослуулах замаар “Уул уурхай + Хиймэл оюун ухаан”-ы үндэсний стратеги зарлах хэрэгтэй. Өнөөдөр дэлхийд уул уурхайгаа хиймэл оюун ухаантай холбосон улс алга. Тиймээс энэ зүйл Монголын давуу тал, өрсөлдөх чадвар болж чадна.
undefined
“Startup Genome” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Марк Пенцел, “Startup Genome” компанийн гүйцэтгэх түнш Стефан Күстер  нар “Экосистем бий болгох зарчмууд, гол оролцогч талуудын гүйцэтгэх үрэг” сэдэвт илтгэлээрээ дараах асуудлуудыг онцоллоо.
Дэлхийн туршлагаас харахад стартап экосистемийн хөгжил зөвхөн нэг байгууллага, нэг бүлэг хүмүүсийн хүчин чармайлтаар бүтдэггүй, харин бүхэл бүтэн нийгмийн хамтын ажиллагааны үр дүн байдаг. “Экосистемийг ганц хүн бүтээдэггүй, бүхэл бүтэн тосгон бүтээдэг” гэсэн санаа Монголд ч үнэн бодитой сонсогдоно. Хувийн хэвшил, төр, хөрөнгө оруулагчид, их дээд сургууль, шинийг санаачлагчид зэрэг олон талын оролцогчид хамтдаа уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна.
Одоогийн байдлаар Монголын стартапын экосистем эхний шат буюу идэвхжүүлэлтийн үе шат дээрээ явж байна. Судалгаагаар энэхүү экосистемийн үнэ цэн Монголын ДНБ-ий ердөө 0.2 хувийг бүрдүүлж байгаа юм. Хэдий маш бага тоо мэт боловч, бусад ижил түвшинд байгаа орны жишгээр тооцвол ойрын таван жилд дор хаяж 0.7 хувьд хүрч, ойролцоогоор 110 сая ам.долларын үнэ цэнийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энэ бол зорилго тавьж, хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж болохуйц, бодитой атлаа өндөр амбицтай алхам юм.
Монголд одоогоор 200 орчим стартап байгаа гэсэн тооцоо бий. Харин дараагийн таван жилд энэ тоог 600 хүргэх зорилго тавьж болох бөгөөд ингэхийн тулд нийтдээ 8,000 орчим хүнийг стартапын соёлд татан оролцуулах шаардлагатай болно. Эндээс нэг зүйлийг тод харах боломжтой. Стартапын хөгжил гэдэг нь зөвхөн амжилтад хүрэх бус, олон мянган туршилт, бүтэлгүйтэл, дахин босох үйл явцаар хэмжигддэг. Тиймээс “амжилтыг ч, бүтэлгүйтлийг ч тэмдэглэдэг” соёлыг бий болгох нь маш чухал юм. Учир нь “эрсдэл хүлээх нь соёлын хэв норм болсон үед бүхэл бүтэн үндэстнүүд өөрсдийгөө дахин бүтээж чадна.”
Өөр нэгэн сургамж бол амжилттай экосистемүүд өрсөлдөхөөс илүүтэйгээр өөрийн давуу тал дээр тулгуурлан хөгждөг явдал. Серби улс урлаг, кино үйлдвэрлэлийн уламжлалаасаа сэдэвлэн дижитал тоглоомын салбарт хүчтэй байр суурь эзэлсэн бол, Казахстан хүнд цаг уурын нөхцөлд зориулсан барилгын технологид онцгойрч чаджээ. Монголын хувьд уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, хиймэл оюун ухаан, сансар судлал зэрэг салбарууд байгалийн болон нийгмийн нөхцөлөөс урган гарсан бодит давуу тал болж чадна. Өөрөөр хэлбэл, бид Нью-Йорк, Тель-Авивтай өрсөлдөх биш, харин өөрийн онцгой давуу тал дээр суурилсан өвөрмөц борлуулалтын цэгээ тодорхойлох ёстой.
Мэдээж ийм хэмжээний хөгжил нэг өдрийн дотор биелэхгүй. Богино хугацаанд буюу 6–12 сарын дотор жижиг зорилтуудыг гаргаж, урт хугацаанд буюу 5–10 жилийн дотор томоохон үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид, залуу стартапуудыг Монголд татах, улмаар шинэ боломжуудыг нээх зам болно.
Эцэст нь, стартап экосистемийг хөгжүүлэхэд хамгийн том хүчин зүйл бол соёлын өөрчлөлт юм. Залуусыг шинэ санаагаа туршиж үзэхэд урамшуулах, бүтэлгүйтлээс айхгүй байх, бүтэлгүйтлийг ч үнэ цэнэ болгон үнэлдэг соёлыг бий болгох нь бидний үндэсний ирээдүйг тодорхойлно. Монгол Улс хэрэв энэ чиглэлд зоригтой алхам хийж чадвал, зөвхөн жижиг зах зээлд төдийгүй бүс нутагт нөлөөлөхүйц инновацын төв болох боломжтой.
Түүнчлэн панел хэлэлцүүлгийн оролцогчид Монголын инновацын экосистемийн одоогийн байдлын талаар үзэл бодлоо илэрхийллээ.
Тэдний хувьд Монголын стартап экосистемийг хөгжүүлэхэд гурван зүйл нэн тэргүүнд чухал байгаа аж. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын орчныг өргөжүүлж, олон улсын венчур капиталуудыг татах шаардлагатай байна. Хоёрдугаарт, их сургууль, судалгааны байгууллага, бизнесийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, эрсдэл хүлээх соёлыг бий болгож, бүтэлгүйтлийг туршлага болгон үнэлдэг сэтгэлгээг төлөвшүүлэх шаардлагатай.
Сүүлийн жилүүдэд Монголын стартап экосистем аажмаар төлөвшиж, олон улсын чиглэлд өргөжин хөгжих хандлага ажиглагдаж байна. Хэдийгээр зах зээл жижиг, хөрөнгө оруулалтын орчин сул байгаа ч монгол залуусын шаргуу зан, тууштай хандлага нь стартап ертөнцөд өөрийн гэсэн онцлогийг бүрдүүлжээ.
“Ньюком” группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх хэлэлцүүлгийн үеэр компанийнхаа туршлагаас хуваалцсан юм. Тус компани Монголд анхны гар утасны холбоо, салхин цахилгаан станцуудыг байгуулж байсан бол өнөөдөр арилжааны дрон үйлчилгээний салбарт хөл тавьжээ. Дрон ашиглан цус болон яаралтай хэрэгцээтэй эмнэлгийн хангамжийг хүргэх туршилт амжилттай хэрэгжиж, хэд хэдэн хүний амь аврагдсан нь энэ чиглэлд Монголын зохицуулалт практик, уян хатан байж чадсаны жишээ болсон байна. Түүний онцолсноор стартапууд зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэх бус, төр, их сургууль, салбарын оролцогчдыг холбож бодит асуудлыг хамтдаа шийдэх нь чухал аж.
Exponential Zaisan Partners-ийн удирдах захирал Гэмагийн хувьд Монголын стартапуудын сэтгэлгээ богино хугацаанд эрс өөрчлөгдсөнийг онцолсон юм. Таван жилийн өмнө стартапуудын ихэнх нь зөвхөн дотоодын зах зээлд төвлөрдөг байсан бол өнөөдөр олонх нь бүс нутгийн болон дэлхийн зах зээл рүү чиглэж байна. Гэвч хөрөнгө оруулалт, венчур сангийн тоо хангалтгүй хэвээр. Казахстан, Узбекистан зэрэг улс богино хугацаанд төрийн бодлого, хөрөнгө оруулалтаар нэг нэг Юникорн компани /1 тэрбум доллароос дээш үнэлгээтэй стартап/ бий болгосон бол Монголд ийм хэмжээний ахиц хараахан гараагүй байна. Тиймээс хөрөнгө оруулалтын орчныг өргөжүүлэх, олон улсын венчур капиталыг татах шаардлагатай гэж үзжээ.
Стартапуудын өсөлтөд эзлэх боловсролын байгууллагын үүргийг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Б.Батцэнгэл тодотголоо. Тэрээр Монголын их, дээд сургуулиудын санхүүжилт хангалтгүй, зөвхөн сургалтын төлбөрт тулгуурлаж буй нь инновацын хөгжилд саад болж буйг онцлов. Их сургуулийн бүтээж буй мэдлэг, судалгааг стартап, бизнесийн салбарт хэрэгжүүлэх тогтолцоо сул байгаа бөгөөд хууль эрхзүйн орчин ч хоорондоо уялдаа муутайг тэмдэглэсэн юм.
Монголын технологийн салбарын стартапыг төлөөлж Erxes Inc-ийн хамтран үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших өөрийн туршлагыг хуваалцлаа. Тэдний хувьд олон жил оролдлого хийж, 30 гаруй бүтээгдэхүүн бүтээсэн ч ихэнх нь амжилтгүй болжээ. Гэсэн ч тэд бүтэлгүйтлийг туршлага болгон хувиргаж, өнөөдөр АНУ-ын эрүүл мэндийн салбарт орж чадсан байна. Түүний хэлснээр Монголд стартап хийх нь амаргүй боловч боломж их, харин тууштай байдал, шаргуу занг хадгалах нь хамгийн чухал хүчин зүйл аж. Мөн “open-source” загвар Монголын технологийн компаниудад дэлхийд өрсөлдөх боломж олгож болохыг онцлов.
Эцэст нь, Монголын жижиг зах зээл нь сул тал гэхээсээ илүү стартапуудыг шууд глобал зах зээлд чиглэхэд түлхэц болж болохыг оролцогчид санал нэгдэн тэмдэглэлээ. Швед, Израиль, Эстони зэрэг жижиг улсуудаас олон “юникорн” төрсөн шиг, Монгол ч мөн стартап экосистемийнхээ давуу талыг ашиглан дэлхийд гарч чадах боломж бий.
undefined
Монголын эдийн засгийн салбаруудад стартап, инновацын боломж
Хэлэлцүүлгийн үеэр ярилцсан сонирхолтой сэдвүүдийн нэг нь “Монгол Улс аль салбарт мэргэшсэн инновацын кластер байгуулах хамгийн өндөр боломжтой вэ?” гэх асуултад хариулах байлаа. Оролцогчид хөдөө аж ахуй, санхүүгийн үйлчилгээ, уул уурхай гэсэн гурван гол салбарт шинэчлэл, стартапын оролцоо нэн чухал байна гэж үзсэн юм. Тодруулбал,

Хөдөө аж ахуй: уламжлал ба шинэчлэл

Хөдөлмөрийн насны 4 хүн тутмын 1 нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ч жижиг өрхийн аж ахуй давамгайлж буй нь хамтын ажиллагаа, нэгдсэн эрэлт үүсгэхэд хүндрэлтэй болгож байна. Шийдэл нь хамтын ажиллагааны зарчим болон технологийн ашиглалт аж. Blockchain, хиймэл дагуул зэрэг дэвшилтэт арга хэрэгслийг  аль хэдийн туршиж эхэлсэн бөгөөд органик, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж байна гэж харсан юм. Харин хамгийн том сорилт нь уламжлалт үйлдвэрлэгчдийг шинэ санаачлагчидтай холбох тогтолцоо сул байгаад оршиж байна.

Санхүүгийн үйлчилгээ: шинэ загвар, шинэ боломж

Монголд санхүүгийн үйлчилгээ бүрдээд олон арван жил болж байгаа ч бүтэц, шинэчлэл сул байна. Харин сүүлийн жилүүдэд стартапуудын оролцоо нэмэгдэж, хурдан, уян хатан, хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээ санал болгож эхэллээ. Монголын жижиг зах зээл нь сул тал бус, харин шинэ бизнесийн загвар, дижитал боловсрол туршихад төгс талбар болох боломжтой гэж үзэж байна.

Уул уурхай: экосистем ба хамтын ажиллагаа

Монголын хамгийн том эдийн засгийн тулгуур бол уул уурхай. Том корпорацууд болон хүний нөөцийн давуу тал байгаа ч стартапуудын хувьд зах зээлийн хэрэгцээг ойлгох, бүтээгдэхүүнээ зөв байршуулж сургах тал дээр дутагдалтай байна. Мөн корпорацууд ч стартапуудтай хамтран ажиллах туршлага хомс. Энэ орон зайг нөхөхийн тулд стартап–корпорацын харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын сан, дэмжлэгийн тогтолцоо бий болгох шаардлагатайг онцоллоо.
undefined
“Plug and Play” Монголын стартап экосистемийг дэлхийтэй холбохыг зорьж байна
“Plug and Play” компанийн Ази дахь салбар хариуцсан захирал Филип Винсент Монголын стартапын экосистемийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Монголд тулгамдаж буй олон сорилт үнэн хэрэгтээ шинэ боломжуудын эх үүсвэр болж чадна хэмээсэн юм. Эдгээрийг инновац, стартапын шийдлээр шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж чадна гэж үзэж байгаа аж.
“Plug and Play” нь Силикон Валлигаас гаралтай, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон компани юм. Тэд стартапуудыг дэмжихээс гадна хөрөнгө оруулалт хийж, корпорацын инновацын стратегийг хэрэгжүүлэхэд оролцдог байна. Өдгөө 2000 гаруй стартапад хөрөнгө оруулж, 30 гаруй Юникорн төрүүлсэн туршлагатай тус байгууллага Fortune 500 болон Fortune 2000-д багтдаг 550 корпорацтай хамтран ажиллаж байна.
Филип Винсент Монголын стартап экосистем сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд “амжилтын ирмэг дээр” ирээд байна гэжээ. Plug and Play аль хэдийн Монголд хэд хэдэн удаа айлчлал хийж, зах зээлийг судлан, дотоодын боломжуудыг таньж эхэлсэн байна. Тэд Япон дахь салбартаа Монголтой холбоотой арга хэмжээнүүдийг ч зохион байгуулжээ.
Түүний дурдсан сонирхолтой жишээ бол What3words хэмээх стартап юм. Энэхүү компани нь дэлхийн бүх газрыг 3x3 метр квадрат болгон хувааж, байршлыг нарийн тодорхойлох технологи бүтээсэн бөгөөд Монголын Засгийн газартай хамтран логистик, нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж эхэлсэн байна.
Тэрээр “Монголд бий болсон сорилтуудыг стартапын шийдлээр даван туулах бүрэн боломжтой. Бидний зорилго бол Монголын стартап экосистемийг дэлхийтэй холбох, дотоод инновацыг гадагш гаргахын зэрэгцээ олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах явдал” хэмээсэн юм. Ингэснээр Монгол Улс зөвхөн дотоод дахь бэрхшээлийг шийдэхээс гадна олон улсын зах зээлд өрсөлдөхүйц стартапуудыг төрүүлэх боломжтой гэж Plug and Play үзэж байна.
undefined
Монголын стартапын экосистемийн ирээдүй ба тулгамдсан асуудлууд
Монгол Улсын стартапын экосистемийн боломж ирээдүйд ихээхэн потенциалтай байгааг “Startup Genome” байгууллагын тооцоо харуулж байна. Тэдний судалгаагаар ойрын жилүүдэд Монгол Улс 600 стартаптай болж, экосистемийн нийт үнэ 2 тэрбум ам.долларыг давж, 5,000 шууд, 20,000 орчим шууд бус ажлын байр бий болгох боломжтой гэж үзжээ. Энэ нь Монголын залуу, авьяастай хүн ам болон дижитал технологийн өсөлттэй уялдан экосистемийг бэхжүүлэх боломжтойг илтгэж байна.
Монголын стартапын экосистем хөгжих явцад хэд хэдэн сорилт тулгарч байна.
  • Их сургуулиудад STEM боловсролыг илүү хөгжүүлэх шаардлага.
  • Засгийн газар “саад учруулагч” бус дэмжигч байх, зөв орчныг бүрдүүлэх.
  • Стартапуудын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд зөв асуудлыг шийдэх, буруу асуудал дээр ажиллахгүй байх.
  • Санхүүжилтийн орчныг бэхжүүлж, хөрөнгө оруулагчдын сүлжээ болон олон венчур капиталын оролцоог бий болгох.
Соёл ба сэтгэлгээний өөрчлөлт
Стартапын экосистемийн хөгжлийн хамгийн том сорилт нь нийгмийн сэтгэлгээ, соёлын өөрчлөлт юм. Хувь хүмүүс хөрөнгө оруулж, корпорацууд стартапыг дэмжиж, төр оролцож, зоригтой, эрсдэл хүлээх соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Стартапыг “Б төлөвлөгөө” биш, “A төлөвлөгөө” буюу мэргэжлийн замнал гэж нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх нь чухал байна.
undefined
Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ “Бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том өөрчлөлтийн үе дээр ирээд байна. Хүн төрөлхтний хувьд ирэх 30–40 жил бол сүүлийн 600 жилд тохиож буй хамгийн гайхалтай, онцгой үе байх нь гарцаагүй. Энэ цаг үед дижитал шилжилтийг тэврэн авахгүй бол бид хөгжлийн тоосонд дарагдан үлдэнэ. Харин Монгол Улс өрсөлдөөнд ялалт байгуулах бүх нөхцөлийг өөртөө агуулж байна. Үүнд, авьяас чадвар, баялаг нөөц, дэлхийн сэтгэлгээ, түүхэн өв зэрэг багтана. Гагцхүү зориг хатуужил, шийдэмгий байдал, хамтын ажиллагаа л дутаж байна. Төр, хувийн хэвшил, их дээд сургууль, хөрөнгө оруулагчид бүгд нэг экосистемийн хүрээнд нэгдэж чадвал Монголын ирээдүйг шинэ түвшинд гаргах бүрэн боломжтой. Рио Тинто ч мөн адил энэ замналд урт хугацаанд тууштай оролцож, энэхүү шинэчлэл, өөрчлөлтийг хамтдаа бүтээхэд бэлэн байна” гэдгийг онцоллоо.
"Оюу толгой" компанийн ТУЗ-ийн дарга Шон Хинтоны санаачилгаар эхлүүлсэн энэ удаагийн хэлэлцүүлгийн оролцогчид энэхүү хэлэлцүүлгийг “каталитик мөч” гэж тодорхойлсон нь үүнийг зөвхөн нэг удаагийн уулзалт гэж үзэхгүй, харин дараагийн 2–3 жилд хамтын ажиллагаа, орон нутгийн сүлжээг тогтвортой хөгжүүлэх эхлэл гэж үзэж байгааг харуулж байна. Өмнөх туршлагаас харахад экосистемийн амжилт нь 3–5 жилийн тууштай хамтын ажиллагаанаас шууд хамаардаг. Тиймээс одоогийн хийх ёстой гол алхам нь хэлэлцүүлгээс гарсан санаа, саналуудаа бодит төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх явдал юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн