Даваа гарагт Непалын хоёр хотод болсон эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж 19 хүн амиа алдсан тухай албаныхан мэдээлэв. Нийслэл Катманду хотод парламент руу дайрахыг оролдсон жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна.
Жагсагчдын дийлэнх нь залуус байсан бөгөөд зарим нь хаалт эвдэн парламентын ордон руу нэвтэрч, түргэн тусламжийн машиныг шатаан, хууль тогтоох байгууллагыг хамгаалж байсан цагдаа нар луу чулуу, бусад зүйлс шиджээ.
“Цагдаа нар хамаагүй буудаж байсан” хэмээн нэг жагсагч ANI агентлагт ярьжээ. Цагдаа нарын мэдээлснээр 100 гаруй хүн гэмтэл бэртэл авч эмнэлгийн тусламж авч байгаа аж. Жагсагчид шархадсан хүмүүсийг мотоциклоор эмнэлэг рүү хүргэж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газар Facebook зэрэг олон нийтийн сүлжээг хаах шийдвэр гаргасан нь залуусын дургүйцлийг улам газар авахад хүргэжээ. Непалын 30 сая хүн амын 90 орчим хувь нь интернэт ашигладаг.
Албаныхны тайлбарласнаар уг шийдвэрийг платформуудыг албан ёсоор бүртгэлгүйгээр ашиглаж, хуурамч хаяг үүсгэн үзэн ядалт өдөөх, худал мэдээлэл тараах, залилан хийх зэрэг зөрчил нэмэгдсэнтэй холбогдуулан гаргажээ. Эмх замбараагүй байдал зүүн хэсгийн Итахари хотод ч өрнөж, хоёр хүн амь насаа алдсан байна.
Ерөнхий сайд К.П. Шарма Оли яаралтай Засгийн газрын хурал зарлаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Үймээн даваа гарагт мянга мянган залуус, түүний дотор сургуулийн болон их сургуулийн дүрэмт хувцастай оюутнууд гудамжинд жагсаж эхэлснээр өрнөжээ. Жагсагчид “Авлигыг зогсоо, нийгмийн сүлжээг биш!”, “Залуус авлигын эсрэг” гэх мэт уриа бүхий туг, самбар барьжээ.
Эдгээр эсэргүүцлийг жагсаалыг зохион байгуулагчид үүнийг “Gen Z нарын жагсаал” гэж нэрлэж байгаа бөгөөд тэдний хэлснээр энэ нь залуусын засгийн газрын авлигатай тэмцэхгүй байгаа, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авдаггүйд бухимдсан бухимдлыг илэрхийлж байгаа хэрэг аж.