ОХУ улс өнгөрсөн шөнө Украинд дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын довтолгоо хийж, Киевийн төвд байрлах төрийн гол барилгыг галдан шатааж, дор хаяж дөрвөн хүний аминд хүрсэн тухай Украины эрх баригчид мэдээлэв.
Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн хэлснээр дрон болон пуужингийн дайралт зөвхөн Киевт бус, Запорожье, Кривой Рог, Одесса зэрэг хотуудаас гадна Сум, Чернигов мужид ч хохирол учруулсан гэжээ.
Энэхүү цохилт нь дайныг ойрын үед зогсоох найдвар багасаж байгааг харууллаа. Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох урилгаас татгалзаж, Хятадтай харилцаагаа улам бэхжүүлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт ОХУ-д шинэ шатны хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Одоогоор дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байгаа бөгөөд тэрбээр Путинтай өнгөрсөн сард уулзсанаасаа хойш хатуу хориг тавихаас зайлсхийж байсан юм.
АНУ-ын Украинд суугаа элч Кит Келлогг “Энэ дайралт ОХУ дипломат замаар дайн дуусгахыг хүсэхгүй байгаагийн илрэл” гэж мэдэгджээ. Мөн Сангийн сайд Скотт Бессент АНУ, Европын нэмэлт эдийн засгийн шахалт Путинд энхийн яриа хэлэлцээнд орох дарамт үзүүлж магадгүй гэж онцолсон байна.
Зеленский Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярьж, дипломат алхам, холбоотнуудтай хийх дараагийн хамтын ажиллагаагаа зөвшилцжээ. Европын орнууд Киев рүү чиглэсэн дайралтыг буруушааж, Украинд улс төр, цэргийн дэмжлэгээ амласан ч газар дээр нь цэрэг илгээх зэрэг бодит тусламжийн асуудал одоогоор тодорхойгүй байна.
Дайны хамгийн том дроны довтолгоо
Украины Ерөнхий сайд Юлия Свириденко дайны явцад анх удаа Киевийн төрийн гол барилгыг оносон нь хамгаалалт сайтай бүсэд үзүүлсэн томоохон бэлгэдлийн цохилт боллоо гэжээ.
Украины агаарын хүчний мэдээлснээр, ОХУ нэг шөнө 805 дрон, 13 пуужин хөөргөсөн бөгөөд Украины хамгаалалтын систем 751 дрон, 4 пуужинг устгаж чаджээ. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойшхи хамгийн том дроны довтолгоо болов.
Киевийн Дарницкийн дүүрэгт дөрвөн давхар орон сууц сүйдэж, нярай хүүхэд болон залуу эмэгтэй амь үрэгджээ. Нийслэлд нийтдээ 20 гаруй хүн шархадсан байна. Агаарын түгшүүр 11 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд дроны үлдэгдэл унаснаас болж ес, арван зургаан давхар орон сууцанд гал гарсан байна.