Open iToim app
Анализ | 6 мин уншина

ТОМИЛОЛТ: Эрдэнэтээс ирсэн сайн мэдээ

ТОМИЛОЛТ: Эрдэнэтээс ирсэн сайн мэдээ
Нийтэлсэн 12 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт Орхон аймагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэтийн уурхайчид Ерөнхий сайдыг дандаа сайн мэдээтэй угтсан бөгөөд энэ үеэр Эрдэнэтийн районд хайгуулын сүүлийн цооногоо өрөмдөж, “Оюут” хэмээх шинэ орд нээснээ зарлалаа.
Энэхүү сайн мэдээг багцлахаас өмнө Эрдэнэт үйлдвэр Монголын эдийн засагт ямар үүрэгтэйг хэдхэн тоо баримтаар дурдъя. Сүүлийн гурван жилийн статистикийг харвал, Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ДНБ-ий 5.8 хувийг, нийт экспортын 8 хувийг, улсын төсвийн орлогын 7.2 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллаж байна. Нийт 7000 мянга гаруй иргэнийг тасралтгүй ажлын байраар ханган ажилладаг Монгол Улсын баатар үйлдвэр юм. 1978 оноос өнөөдрийг хүртэл 47 жил Эрдэнэт үйлдвэр зогсолтгүй ажилласаар дээр дурдсан эдийн засгийн үнэ цэнийг бий болгожээ.
Үеийн үед “Монгол Улсын саалийн үнээ” байсаар ирсэн Эрдэнэт үйлдвэр цаашид 55 жил буюу 2079 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулах геологийн нөөцөө албан ёсоор баталгаажуулсан тухай эхний сайн мэдээг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон зочдод танилцуулав.
undefined
100 жилийн настай зэсийн уурхай болно
Эрдэнэт үйлдвэрийн анхны ТЭЗҮ 1972 онд батлагдсан байсан бөгөөд 521 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тооцож байжээ. Үүнээс хойш Эрдэнэт үйлдвэр 1986, 2016, 2021 онд нөөцөө шинэчилж,  хамгийн сүүлд буюу 2024 онд JORC стандартаар хүдрийн геологийн нөөц 3.4 тэрбум, цэвэр зэсийн 11.3 сая тонны нөөцтэй гэж баталжээ. Үүнээс 2.2 тэрбум хүдрийн нөөцийг ашиглана гэж тооцож, үйлдвэрийн насжилт 55 жилээр уртассан байна.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон “Өнөөдөр 47 дахь жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийг дахин 55 жил ашиглах боломжтой болсон. Эрдэнэт үйлдвэр дэлхийд цөөхөн байдаг 100 настай зэсийн уурхайн нэг болно” гэсэн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ “”Эрдэнэт үйлдвэрийн нөөц шавхагдаж байна” гэдэг зөрүүтэй мэдээлэлд цэг тавилаа. Дор хаяж 55 жил ажиллах боломжтойг баталсан уурхайчдадаа баяр хүргэе. Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур төдийгүй, хөгжлийн хөрөнгө оруулалтыг босгох эх уурхай болон дэвшиж байна. Дэлхийд уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор зэсийн үнэ цэн нэмэгдэж, эрэлттэй болж байна” гэсэн юм.
undefined
Оюут хэмээх шинэ ордын тухай
Дараагийн сайн мэдээ нь Эрдэнэтийн районд Цагаан суваргын ордтой дүйцэх хэмжээний Оюут ордыг шинээр нээж байгааг зарласан юм. Эрдэнэт үйлдвэрийн геологичид сүүлийн гурван жилийн хугацаанд 49 метр куб тууш талбайд өрөмдлөг хийж, нарийвчилсан хайгуулын судалгааны дүнгээ танилцууллаа. Энэхүү орд нь Эрдэнэтийн Овоо ордоос 10 хүрэхгүй км зайд байрлах бөгөөд 0.32 хувийн агуулга бүхий 357 сая тонн хүдрийн нөөцтэйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Цэвэр зэсийн нөөц нь 1.1 сая тонн. Байршлын хувьд Үйлдвэр технологийн паркийн зам, дэд бүтцээс 3 км орчим зайтай гэдэг нь том давуу тал болж байгааг албаныхан онцоллоо.
Оюутын орд зэс, молибден, алтны агуулга өндөр байгаа нь илүү давуу тал болно
undefined
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий геологич Д.Алтанхуяг: Нарийвчилсан хайгуулын үр дүнд Оюут ордын  хүдрийн нөөц 357 сая тонн, цэвэр зэс 1.1 сая тонн гэж таамаг гарсан. Ажлын даалгавраа энэ жил эцэслээд 2026-2027 онд ТЭЗҮ-ээ батлуулна. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал яригдана. Оюут ордыг Эрдэнэтийн Овоо, Оюу толгойтой харьцуулбал жижиг. Харин Цагаан суваргын ордтой нэлээд дөхөж очно. Хүдрийн нөөц ойролцоо, металлаар баян, зэс, молибден, алтны агуулга өндөр байгаа нь илүү давуу талтай. Манай Эрдэнэт үйлдвэр сүүлийн гурван жилд 34 тэрбум төгрөгийг хайгуулын ажилд зарцуулсан байна. Нэг тонн хүдрийг 100 орчим мянган төгрөг зарцуулж хайгуул хийсэн. Цаашид таамаг нөөц нэмэгдэх прогноз бий.
undefined
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон: Дэлхийн том эдийн засагтай орнууд чухал ашигт малтмалынхаа жагсаалтад зэсийг оруулсан. Чухал ашигт малтмал гэдэг зүйл дэлхийн эдийн засагт манлайлж байна. Үүнийг Монгол Улс, Эрдэнэт үйлдвэр яаж сайн ашиглах вэ гэдэг бодлого явж байгаа. Энэ хүрээнд Ашигт малтмалын газраас Эрдэнэт үйлдвэр 2022 онд 6 хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. 2023 оноос Оюутын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн цооногоо өрөмдөж дууслаа. Эрдэнэтийн Овоо ордын баруун, төв хэсгүүдэд өөр орд илрэх магадлалтай, потенциал өндөр газруудад стратегийн ордын хил хязгаарыг тогтоож авсан. Энэ хүрээндээ бид дараагийн шинэ илэрц, шинэ ордуудыг нээх зорилготой ажиллаж байна. Төр засгийн бодлогыг хэрэгжүүлж, хайгуулын ажлыг эрчимжүүлсний хүчинд шинэ орд нээлээ. Оюутын ордын нөөцийг албан ёсоор баталсны дараа Эрдэнэт үйлдвэрийн насжилт нэмэгдэнэ.
quote photo
Оюутын орд, Эрдэнэтийн Овоо ордын дунд Зэс хайгуулах үйлдвэр байгуулна, ойрын хугацаанд тендерээ зарла
Ерөнхий сайд Г.Занданшатар:
Ерөнхий сайд Г.Занданшатар: Энэхүү шинэ ордын урьдчилсан илэрц Эрдэнэтийн Овоо ордын анхны илэрцтэй дөхөж очно. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн Овоо шиг цаашид хүдрийн нөөц нэмэгдэх боломжтой. Оюут ордын ТЭЗҮ-ийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг даалгаврыг газар дээр нь ирж өглөө. Мөн Зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах тендерийг зарлахаар тогтож байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөж, эрэлтэй байгаа энэ үед бид зэсээ хайлуулж гаргах ёстой. Зэс хайлуулах үйлдвэртэй болохын тулд тасралтгүй ажиллах нөөц хамгийн чухал. Үйлдвэр технологийн парк байгуулах газрын зэргэлдээ Оюут орд нээгдэж байгаа нь сайшаалтай. Тиймээс Оюутын орд, Эрдэнэтийн Овоо ордын дунд зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажлын даалгаврыг хийж, дараагийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг салбарын яаманд даалгалаа. Ирэх жил зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.  
undefined
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Ашигт малтмалын эрэл хайгуулын ажил ямар чухал вэ гэдгийг Оюут орд дээр харж байна. Энэ ордын хайгуул судалгаа 1970-аад оноос хийгдсэн ч дунд нь олон зогсож явсаар одоо л дөнгөж уурхай болох зам руугаа орж байна. Манай улс хайгуул судалгааны ажлаа идэвхжүүлж, хөрөнгө оруулагч нарыг татах шаардлагатай байна. Олон мянган тууш метрийн өрөмдлөг хийж, олон геологичдыг ажилтай, орлоготой байлгах шаардлага үүсэж байна. Хайгуул, судалгаа бол Монголын эдийн засгийн суурь юм гэлээ.
Эрдэнэт үйлдвэр ирээдүйн 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу хайгуул судалгааны ажлыг идэвхжүүлж, жилд дунджаар 15.3 тэрбум төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулж байгаа аж. Нэгэнт уурхайн дагасан томоохон хот бий болж, хүн ардын амьжиргаатай зайлшгүй холбоотой уурхай болсон учраас нөөцөө тогтмол нэмэгдүүлэн ажиллах шаардлагатай нүүр тулж байгааг үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа.
 Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрээ шинэчиллээ
Гурав дахь сайн мэдээ нь Эрдэнэт үйлдвэр Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлөө ашиглалтад оруулж, хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүллээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж, хэвийн ажиллагаанд шилжүүлэв.
undefined
Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулах бөгөөд ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна.
Баяжуулалтын секцүүдийг шинэчлэснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар буууруулж, технологийн үзүүлэлтийг дээшлүүлж буй нь өндөр үр ашигтай гэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа. Мөн ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг шинэчлэл хийснээр АНУ-ын FLSmidth компанийн WEMCO брэндийн 22 ширхэг өндөр хүчин чадалтай флотомашинаар шинэчилж, цахилгаан эрчим хүчний зардлыг 15-20 хувиар бууруулж, жилд 2 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болжээ.
undefined
Хүндрэл байгаа ч төлөвлөсөн орлогоо давуулан биелүүлнэ
Одоо Эрдэнэт үйлдвэрт нэг том хүндрэл байгаа нь хүдрийн агуулгын бууралт. Сүүлийн гурван жилд хүдрийн агуулга 16.2 хувиар буурсан байна. Агуулгын бууралтыг дагаад металл авалт буурах хандлагатай байдаг учраас олборлолт, борлуулалтаа тогтмол нэмэгдүүлэх замаар төсөвт төвлөрүүлэх орлогоо бүрдүүлж байна. Нөгөө талд олборлолт нэмэгдэх тусам зардал өсөж байгаа учраас цаашид бусад үр ашиггүй зарлаа бууруулах чиглэлд анхаарч байгаа аж. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын хиймэл оюун ухаанд суурилсан системийг нэвтрүүлж байгаа бөгөөд үүнийг дагаж үргүй зардал, авлига ашиг сонирхлын зөрчил буурах боломжтой гэж үзсэн байна.
2025 онд Эрдэнэт үйлдвэр 4.3 их наяд төгрөгийн борлуулатын орлого олж, 2 их наяд орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 700 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн