Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг энэ сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хүрээлэн буй орчинд эерэг өөрчлөлт авчрах ногоон бэлтгэн нийлүүлэгчид буюу 100 гаруй компанийн төлөөлөл нэгэн дор цуглаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцлоо. Мөн банкны зүгээс тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бизнес эрхлэгчдэд танилцуулж, тогтвортой хөгжлийг түүчээлэх чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллаж буй дөрвөн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумыг Монгол Улсын анхны ногоон жишиг сум болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа Гурван тулгуурт хөгжлийн гүүр ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэсэн нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд томоохон түлхэц үзүүлнэ гэж талууд онцлов. Мөн энэ хамтралын үр дүнд тус хорооллоос эко хаус захиалсан захиалагчид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдэж байна.
Төрийн банкны хувьд, ногоон худалдан авалт хийж буй иргэдээс гадна ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, компаниудыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Болор таун хотхон” эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлж буй "Вай Эс Вай Вүүд" ХХК-тай санамж бичиг байгуулж, Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээлд хамруулахаар боллоо.
Мөн Монголын ногоон барилгын хүрээлэн болон Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь олон улсын шалгуур үзүүлэлтэд нийцсэн төслүүд рүү зээл, санхүүжилтийг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж банкны удирдлагууд онцоллоо.