Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр манай улсын төлөөллийг (2025.09.04) Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Ерлан Кошанов Мажилисийн ордны өмнө хүндэтгэн угтан авч, улмаар хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Тус улсын парламентын даргын зүгээс Монгол, Казахстан улс хооронд олон жилийн найрсаг харилцаа бэхжин тогтож, сүүлийн жилүүдэд олон салбарт эрчимжиж байгааг тодотгоод, Монгол Улсын Их Хурлын дарга 22 жилийн дараа албан айлчлал хийж буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг өнгөрсөн жил Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцааны стратегийн түншлэлийн хүрээнд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж, олон талт хамтын ажиллагааны 11 баримт, бичиг үзэглэсэн. Энэхүү үйл явдлын дараахан Монголын талаас УИХ-ын дарга айлчилж байгаа явдал бол төрийн дээд, өндөр яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах ач холбогдолтой төдийгүй хоёр улсын харилцааны шинэ үе эхэлсний илрэл юм хэмээлээ. Парламентын Мажилисийн дарга Е.Кошаев, парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг эрчимжүүлж, хууль тогтоох ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэгт хамтрах хүсэлтэй байгаа гэсэн саналыг дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, эртнээс улбаатай түүх соёл, өв уламжлалын гүн гүнзгий холбоо бүхий хоёр улсын харилцааны тулгуур нь парламент хоорондын хамтын ажиллагаа байх болно хэмээгээд Төв Азийн бүс нутаг дахь анхны стратегийн түнш Казахстан улсад хийж буй энэхүү айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрбээр, Казахстан Улс бол монголчуудын хувьд бүс нутгийн чухал түнш төдийгүй Төв Азитай холбосон бат бөх гүүр юм гэж тодотгов. Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч, улс хоорондын хэлэлцээг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гаргах, ялангуяа тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хэлхээ, холбоо чухал гэдгийг тэмдэглэв.