Монгол Улс шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан баярын хурал зохион байгууллаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нээж үг хэлсэн юм.
Тэрээр "Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл дэлхийн түвшинд нэрлэгдэхүйц томоохон хот болон хөгжиж байна. Энэ хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь барилгын салбарынхан билээ. Жуулчид, аялагчид Монголд ирэхдээ хамгийн түрүүнд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ямар байна вэ гэж асуухгүй, харин хотын өнгө төрх, барилга байгууламж, түүхэн өв соёлыг харж тухайн улсын хөгжлийн түвшинг үнэлдэг. Тиймээс барилгын салбарын үе үеийн инженер, барилгачид, эрдэмтэн судлаачид, техникийн ажилтнуудын хүчин чармайлт нийслэлийн өнөөгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Тийнхүү 99 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт барилгачиддаа болон ахмад үеийнхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Барилгын салбарын ойрын болон ирээдүйн зорилт бол 100 жилийн ойгоо угтахын өмнө бид хууль эрхзүйн болон төлөвлөлтийн чиглэлээр олон шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай хуулийг шинэчилж, орон сууцжуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Үүний зэрэгцээ стандарт, дүрмүүдийг ч шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэхээр төлөвлөсөн.

Засгийн газрын түвшинд Ерөнхий сайдын санаачилгаар “Үндэсний орон сууцжуулалтын банк” байгуулах бэлтгэл ажил өрнөж байна. Энэхүү банкны зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг орон сууцтай, хувийн өмчтэй болгох бөгөөд дагалдах олон хуульд өөрчлөлт оруулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх замаар утаа, түгжрэл, төвлөрөл, хөрсний бохирдол зэрэг томоохон асуудлыг давхар шийдэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна орон сууцтай болох нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн чанар амьдралд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр Сангийн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Орон сууцжуулалтын банкны тухай хуулийн төслийг ойрын хугацаанд Засгийн газарт, цаашлаад УИХ-д өргөн барьж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн юм.
Сүүлийн 7-8 жилийн хугацаанд барилгын салбарт хууль эрхзүйн шинэчлэлт хүлээгдэж ирсэн бөгөөд энэ хугацаанд техник, технологийн хөгжил хурдацтай өөрчлөгджээ. Тиймээс шинэ хуулиудад зөвхөн барилга барих л бус, хот байгуулалт, газар ашиглалт, инженерийн дэд бүтэц, нийгмийн хэрэгцээний зохицуулалтыг иж бүрнээр тусгах ёстой. Төр дангаараа бүхнийг хийж чадахгүй тул хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдтэй өргөн хүрээтэй хамтран ажиллаж, төрийн зүгээс газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, бодлогын зохицуулалтыг хийхээр зорьж байна. Мөн түүхэн дурсгалт барилга байгууламжийг хамгаалах асуудал ч шинэ хуулийн хүрээнд тусгайлан шийдэгдэх бөгөөд эрх зүйн орчныг бүрдүүлснээр тэдгээрийг сэргээн хамгаалж, хүчитгэх боломж бүрдэх юм.
Ингэснээр Монголын барилгын салбарын 100 жилийн ойг угтахдаа зөвхөн баярын арга хэмжээ бус, шинэ хууль эрхзүйн орчин, бодлогын цогц шинэчлэлээр ирээдүйд чиглэсэн томоохон ахиц гаргахаар зорьж байна" гэлээ.