Ажлаа аваад хэдхэн хонож буй Рио Тинтогийн шинэ Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирээд байна. Саймон 8-р сарын 25-ны өдөр ажлаа авсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж тус улс дахь Резолюшн зэсийн төслийн ажлыг урагшлуулахтай холбоотой уулзалтуудад оролцсоныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Үүний дараа бүтээн байгуулалт нь идэвхтэй өрнөж буй Гвиней дэх дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн уурхайгаар орчихоод Монгол Улсад ирж байгаа юм байна. Тэрээр Монгол дахь ажилтнуудтайгаа уулзаж, Оюу толгойн уурхайтай танилцах төлөвлөгөөтэй байгаа аж. Саймон Тротт гэж хэн бэӨмнөх захирал Якоб Стаусхолмыг ажлаа өгөх тухай мэдээллийн дараа олон улсын хэвлэлүүдээр дараагийн гүйцэтгэх захирал болох өндөр магадлалтай хүний жагсаалтад Б.Болд захиралтай хамт идэвхтэй яригдаж байсан хүний нэг билээ. Саймон нь Рио Тинтогийн орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг нүсэр том Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирлын албанаас дэвшин томилогдсон юм. Тэрээр Риод 20 гаруй жил ажиллахдаа төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группуудэд удирдах түвшний ажлууд хийсэн гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлаар ажиллаж байсан өргөн хүрээний туршлагатай юм байна.