Open iToim app
Ярилцлага | 11 мин уншина

Л.Үлэмж: Хоолыг хэн ч хийж чаддаг, тиймээс энэ бол эрсдэлтэй бизнес

Л.Үлэмж: Хоолыг хэн ч хийж чаддаг, тиймээс энэ бол эрсдэлтэй бизнес
Нийтэлсэн 2025 оны 9 сарын 4
“Bluefin” групп компанийн үйлдвэрлэлийн албаны менежер Л.Үлэмжтэй ярилцлаа. Тэрээр Японы Цүжи (Tsuji Culinary Institute) сургуульд суралцсан мэргэшсэн тогооч юм. Цүжи сургууль нь Японы нэр хүндтэй тогоочийн сургууль бөгөөд Японы уламжлалт хоолны урлаг болон орчин үеийн хоолны урлагийг хослуулан суралцагчдад өндөр чанартай боловсрол олгодог. Япондоо хамгийн нэр хүндтэй нь бөгөөд Азийн хэмжээнд эхний гуравт багтдаг алдартай сургууль билээ. Тэрээр итали хоолны чиглэлээр мэргэшиж, Монголдоо ирээд сэтгэл зүйчийн мэргэжил эзэмшсэн байна. Мөн тэрээр “Хавдрын эсрэг лимон” ТББ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж, олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг юм.
-Та карьерынхаа тухай бидэнд дэлгэрэнгүй хуваалцана уу?
-Миний хувьд гадагшаа сурахаар зорьж байсан ч анхныхаа оролдлогод бүтэлгүйтсэн хүмүүсийн нэг. Гэсэн ч их сургуульд завсарлагагүй орсон нь зөв гэж тухайн үедээ бодож байлаа. Их сургуулийн амьдралд орж үзсэний дараагаар өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж гадаадад суралцах хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Ингэж хоёр сонголтын өмнө ирэхдээ алийг нь зөв гэж бодохоос илүү өөрийн хийсэн сонголтдоо үнэнч байх нь чухал гэдгийг аав минь ойлгуулсан юм. Японд ирснийх эндээ сураад дуусгана гэж шийдсэн маань эргээд харахад маш зөв алхам байсан. Тухайн үед найз нөхөдтэйгээ Монголд баймаар, буцмаар санагдаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ шийдвэрийн үнэ цэн тодорхой болсон.
Япон руу анх явахдаа Цагаан сарын шинийн 1-нд нисэж байсан. Ул боовоо чемодандаа хийж аваад явсан нь одоо ч тод санагддаг. Японд очиход 1000 жилд нэг тохиох их цас орж, байшингууд цасанд дарагдсан байлаа. Өмнө нь хэзээ ч тийм их цас харж байгаагүй надад аймшигтай ч юм шиг санагдаж, бүр газрын мухарт ирээд үхэх нь гэж бодогдож байсан. Гэвч аав, ээж минь Япон бол өндөр хөгжилтэй орон, асуудлыг хурдан шийднэ гэж тайвшруулсан. Үнэхээр ч долоо хоногийн дотор бүх зүйл хэвийн болсон. Япончууд байгалийн гамшгийг даван туулах арга ухааныг эзэмшсэн ард түмэн гэдгийг би тэр үед ойлгосон. Японд очсоны дараа хэлний сургуульд сурахаас гадна цагийн ажил хийх хэрэгтэй болсон. Анх зөөгч хийж үзээд ажилдаа хичээн, улмаар ерөнхий тогоочийн зөвлөснөөр хоол хийхийг оролдож эхэлсэн. Миний Японд эхлүүлсэн цагийн ажил бол Royal Hotel-ийн гал тогоо. Энэ зочид буудалд эзэн хаан байрладаг байв. Тэнд ажилласнаар би тогоочийн ажлын утга учрыг илүү сайн мэдэрсэн. Тэндээс надад тогоочийн авьяас байгааг олж харсан учраас Цүжи сургуулийг санал болгосон. Азтай тохиолдлоор би уг сургуульд тэнцэн орсон бөгөөд хожим нь энэ сургуулийнх нь үнэ цэн, нэр хүндийг бүрэн ойлгосон.
Мэдээж доктор, бакалаврын зэрэг хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үед зөвхөн дээд боловсролтой хүмүүс олширч, харин мэргэшсэн ажилтан ховордох болсон нь асуудал болж байна. Жишээлбэл, Монголд мэргэжлийн зөөгч, үйлчилгээний ажилтан маш ховор. Сайн ажилчид нь өөрийн ресторан, кафег нээгээд захирал болж, үлдсэн муухан хүмүүсийн харилцаа, хандлага тааруухан тул хүмүүс шүүмжилдэг. Энэ тал дээр би ч өөрөө цагийн ажилтан байсан тул хамт ажиллагсдаа ойлгож, тэдэнтэй тулж ажиллахыг хичээж ирсэн. Карьерын замнал маань ч мэргэшсэн хүний үнэ цэнийг ойлгуулсан гэж хэлж болно. Японд сураад Монголдоо эргэн ирэхэд минь хэт гадааджсан буюу хөрсөн дээрээ буугаагүй хүн гэж хүмүүс хардаг байсан. Гэхдээ Монголдоо том компанид ажиллаж, өмнө нь туршлага хуримтлуулсан нэр хүндтэй ресторануудад ажилласан минь надад их тус болсон. Цаашдаа Мишелиний од авахыг зорин ажиллаж байна. 
Тогоочийн боловсрол ч бас нарийн ангилагддаг. Жишээлбэл, хоолны сургууль, тогоочийн сургууль, мэргэшсэн тогоочийн сургууль гэж байдаг. Миний багшийн хэлж байснаар мэргэшсэн тогоочийн сургуульд сурахад зөвхөн хоол хийхийг заадаггүй. Харин ресторан, зочид буудал, цайны газар зэрэг үйлчилгээний байгууллагын бүх үйл явц захиалга авах, хоол хийх, үйлчлүүлэх, цэвэрлэх хүртэл бүрэн эзэмшүүлдэг. Харин жирийн хоолны сургуульд бол материал ашиглан тодорхой хоол хийхийг л заадаг. Миний суралцсан сургууль бол Япондоо хамгийн алдартайд тооцогддог Цүжи сургууль. Энэ сургууль нь Токиогийн их сургуультай зүйрлэгдэхүйц нэр хүндтэй бөгөөд Токио, Осака хотод салбаруудтай. Би Осакагийн анхны салбарт нь суралцсан юм.
Сургуулийн үндэслэгч Шизүо Цүжи анхандаа хоолны хүн болно гэж боддоггүй байжээ. Тэрээр Франц хэлний ангид сурч байхдаа Францад очиж, тэндхийн хоолны соёлд татагдан, Японд түгээн дэлгэрүүлэхээр шийдсэн. Тэрээр алдартай тогооч Пол Бокюүзийг Японд урьж, анхны сургалтаа европ хоолны суурьтайгаар эхлүүлсэн. Өдгөө бол Япон, Хятад, Итали, Европ болон этник хоолны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг томоохон сургууль болжээ. Эхний жилд бүх хоолны төрлийг туршиж үзээд, дараа жилээсээ нарийн мэргэшлээ сонгож байсан. Би Япон хоол сурах уу эсвэл европ хоол сурах уу гэж их эргэлзэж байсан ч эцэст нь өөрийн сонирхлоо дагаж Итали, Франц хоолны ангийг сонгосон. Ингэснээр зөвхөн хоолны мэдлэг эзэмшээд зогсохгүй, итали, франц хэлний суурьтай болсон.
Визний хувьд эхэндээ төгсөөд зургаан сарын дотор ажлын байр олох шаардлагатай байсан бол хожим нь энэ хугацаа нэг жил болж сунгасан. Ингээд Токиод байрлах Итали ресторан Омотэсандо-д байрлах Ristorante da Fiore-д ажилласан. Тийнхүү Монголдоо очиж европ хоолны соёлыг түгээхийг хүссэн. Ингэж Монгол руугаа буцах шийдвэрээ эцэслэн гаргасан юм. Нутагтаа ирж, өмнө нь сурч байсан сургуульдаа буцан орж, ажил амьдралаа хослуулан үргэлжлүүлэхээр шийдсэн. Тэндээсээ ч гэр бүлийнхээ хүнтэй учирсан юм.
-Та Монголдоо ирээд юу, юу эхлээд хийв. Одоогийн ажилдаа орох хүртэл юу туулсан бэ. Мөн одоогийн ажлынхаа талаар болоод таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаараа хуваалцана уу?
-Монголдоо ирээд би хотын төвд байрладаггүй ч нэр хүндтэй хэд хэдэн газарт ажилласан. Нэг газарт орсон л бол хамгийн багадаа нэг жил тогтвортой ажиллаж, туршлага хуримтлуулах зарчим баримталдаг байсан. Жилийн хугацаанд өөртөө ахиц дэвшил гаргах боломжгүй, эсвэл тухайн газарт миний өгч чадах зүйл дууссан гэж үзвэл ажлаа солихоор шийддэг байв. Гэхдээ өмнө нь ажилласан бүх газруудаасаа ямар ч асуудал үүсгэлгүй, ажлаа хүлээлгэн өгч гарч байсан минь надад бахархалтай санагддаг.
Их сургуульд суралцах хугацаандаа хичээл, ажил хоёрыг зэрэг амжуулах боломж байгаагүй. Харин сургуулиа төгссөний дараа нэг газартай гэрээ байгуулан хоёр жил тогтвортой ажиллах амлалтаа биелүүлсэн. Үүний дараа ахлах тогоочоор ажиллах болж өөр нэг газарт ажиллаж эхэлсэн. Энэ замналаас улбаалан өдгөө “Bluefin” компанийн үйлдвэрлэлийн албаны менежерийн албан тушаалыг хашиж байна. Энэ бол байгууллагын зүгээс надад итгэж олгосон албан тушаал юм. Одоогоор миний гол төвлөрч буй газар бол “Redfin” ресторан. Энэхүү төсөл хоёр жилийн турш ярьж, төлөвлөсний үр дүнд хэрэгжиж эхэлсэн учраас би илүү их анхаарал, хүч хөдөлмөрөө энэ газарт төвлөрүүлэхийг хичээж байна.
Үйлчилгээний байгууллагад ажиллана гэдэг үнэндээ хүчний байгууллагад ажиллаж буйтай адил мэт санагддаг. Учир нь бүх нийтийн амралтын өдрүүдээр ч амардаггүй, олон цагаар ажиллаж, маш их тэвчээр гаргах шаардлагатай болдог. Гэр бүлдээ цаг гаргах боломж хязгаарлагдмал байдаг нь энэ ажлын нэг том бэрхшээл. Жишээлбэл, хүүхдүүдээ унтаж байхад нь гэрээсээ гарч, тэд унтаж байх үед л гэртээ харьдаг.
-Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
-Би аливаа зүйлийг маргааш гэж хойшлуулахыг хүсдэггүй. Шууд удирдлагаас ирсэн даалгавар, ажил бол тэр дор нь боломжийнхоо хэрээр хамгийн хурдан хийж гүйцэтгэхийг зорьдог. Харин урт хугацааны төлөвлөгөөт ажлуудаа аажмаар, алхам алхмаар хэрэгжүүлдэг.
Үнэнийг хэлэхэд миний цагийн зохион байгуулалт төгс биш. Гэсэн ч бусдын цагийг алдагдуулахгүй байхыг хамгийн ихээр хичээдэг. Хамт ажиллаж байгаа хүн өөрийн ажлаа зохион байгуулж, цагаа хуваарилж байхад би түүнд саад болохыг хүсдэггүй. Тиймээс заримдаа нөгөө хүний ажлыг алдуулахгүйн тулд өөрийнхөө ажлыг түр орхих эсвэл хойшлуулах тохиолдол ч гардаг.
-Японд суралцах үед сонссон хамгийн сайн зөвлөгөө, зуршил юу бол?
-Миний амьдралд хамгийн том сургамж, зөвлөгөөг Японд зочид буудлын гал тогоонд ажиллаж байхдаа авсан. Тухайн үед ерөнхий тогооч маань манай сургуулийн төгсөгч байсан бөгөөд нэг өдөр надад чи ч хоол хийж чадна, би ч хоол хийж чадна гэж хэлсэн юм. Энэ үгийг би ээждээ орчуулаад дамжуулахдаа хоолыг хэн ч хийж чаддаг, тиймээс энэ бол эрсдэлтэй бизнес гэж тайлбарласан. Тэгэхэд ээж маань танай ерөнхий тогооч чинь айхтар үг хэлжээ гэж билээ. Үнэндээ түүний хэлсэн үгийн утгыг дамжуулахдаа би өөрийн үгээрээ ойлгуулсан. Тухайн үед цаг хугацаа өнгөрч, би хүмүүст танигдсан тогооч болох үедээ энэ үгийг иш татаж, ярилцлагадаа ашиглана гэж бодож билээ. Энэ бол Японд байхдаа сурч авсан, амьдралын зарчим шиг надад үлдсэн үг юм.
Үнэндээ энэ зөвлөгөө маш гүн агуулгатай. Миний одоогийн ажиллаж буй газрын Гүйцэтгэх захирал П.Ганбат ч “Өөрөө идмээргүй хоолоо үйлчлүүлэгчид битгий гаргаж өг” гэж хэлдэг. Энэ нь өөрт хүсээгүй зүйлээ бусдад бүү хүс гэсэн сэтгэлзүйн зарчимтай ч холбоотой. Би анх сэтгэлзүйчээр суралцах сонирхолтой байсан болохоор энэ үгс намайг улам гүн утгаар нь ойлгоход тусалсан. Хоол хийхээс гадна хүний сэтгэлд хүрч, чин сэтгэлээсээ хандах нь тогоочийн хамгийн чухал чанар гэдгийг ойлгосон.
Японд өнгөрүүлсэн жилүүдэд би зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвараа биш, амьдралын үнэт дадал зуршлуудыг ч эзэмшсэн. Би аливаа ажлыг би хийхгүй бол өөр хэн нэгэн хийх болно гэж боддог учраас даалгасан ажлыг заавал сайн хийхийг хичээдэг. Ингэж байж би бусдад хэрэгтэй хүн болно гэж өөртөө ухааруулсан. Тэнд гурван жил гэр бүлээсээ тусдаа, бие даан амьдарсан нь надад ихийг ойлгуулсан. Хийж буй бүхнээ зөвхөн өөрийнхөө төлөө бус, гэр бүлийнхээ, дүүгийнхээ төлөө хийж байна гэж боддог байсан. Энэ бодол намайг урагшлуулж, хэцүү үеийг даван туулах хүч болсон юм.
Сайн зуршлын тухайд, гал тогооноос гарахдаа заавал шалаа угааж, цэвэрлээд гардаг дадалтай болсон. Энэ бол энгийн мэт боловч гал тогооны соёл, сахилга баттай холбоотой маш чухал зуршил. 
 -Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг зүйл тань юу вэ?
-Миний дурлаж хийдэг зүйл гэвэл хүнд зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн талаас нь дэмжих явдал. Хүмүүсийн яриаг сонсож, тэдэнд хэрэгтэй санаа өгөхөд надад ч сэтгэл ханамж төрдөг. Харин хоббигийн тухайд компьютерын тоглоом тоглох дуртай. Энэ нь надад хамгийн сайн стресс тайлах арга болдог гэж хэлж болно.
-Хийж буй ажлын тань онцлог юу вэ. Сайн тал бас хэцүү бэрхшээлтэй талууд?
-Бэрхшээлтэй тал гэвэл миний ажил цаг наргүй, ялангуяа баярын өдрүүдээр бусдын адил амарч чаддаггүй нь хүндрэлтэй. Гэсэн ч энэ салбарын давуу тал нь бас онцлогтой. Хоол идсэн хүн ер нь муухай ааш гаргадаггүй, сэтгэл нь сэргэж, баяр хөөртэй болдог. 
quote photo
Хоол хийж байгаа хүн бусдад аз жаргал түгээгч, аз жаргалыг бүтээгч гэж би боддог. Энэ нь өөрөө маш гайхалтай зүйл.
Сэтгэл зүйчийн мэргэжлийн хувьд ч мөн адил. Сэтгэл зүйчтэй уулзсан хүн 95-98 хувийн тохиолдолд хар бараан бодолгүй, илүү өөдрөг сэтгэлтэйгээр гардаг. Тэд өөрт тулгарсан асуудлынхаа гарцыг олж харж, гэрэлт ирээдүйгээ төсөөлөх боломжтой болдог. Тиймээс миний эзэмшсэн хоёр мэргэжил хоёулаа хүнийг аз жаргалд хөтөлж, илүү эерэг амьдралд уриалдаг гэж боддог.
-Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ. Ойрын төлөвлөгөө тань?
-Одоогоор миний хамгийн их төвлөрч байгаа зүйл бол хоёр хүүхдээ эрүүл энх, зөв хүмүүжилтэй өсгөхөд анхаарах явдал. Мөн ойрын зорилгын хувьд “Redfin” рестораны төслийг амжилтад хүргэхийн төлөө бүх хүчээ дайчилж байна. Үүнээс гадна “Bluefin” компанид өөрийн мөрийг үлдээж, Үлэмж гэдэг хүн ажиллаж байсан, эсвэл ажиллаж байгаа. Тэр хүн ийм чанартай, ийм зарчимтай ажилладаг гэж бусдад үнэлэгдэхүйц орон зайг бий болгохыг хүсдэг.
Миний тасралтгүй хөгжих ёстой гэдгийг ухаарсан нэг том шалтгаан нь хавдрын эсрэг үйл ажиллагаанд оролцсон туршлага. Би “Хавдрын эсрэг нимбэг” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2018 онд Хаан банктай хамтран хавдрын эсрэг төсөл хэрэгжүүлж, гарын авлага болон олон нийтэд зориулсан тараах материалуудыг гаргаж байсан. Тухайн үед миний мэдлэгийн 80 хувь хүрэлцэж байсан ч үлдсэн хэсэгтээ заавал мэргэжлийн эмчийн тусламж авч байлаа. Энэ туршлага надад илүү их мэдлэг чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатайг ойлгуулсан. Хаан банк манай төслийг дэмжсэнд их талархдаг. Хаан банк жил бүр л хавдрын эсрэг аян өрнүүлдэг юм.
Миний хавдрын эсрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцох сэтгэл нь ээжээс минь өвлөгдсөн гэж хэлж болно. Ээж минь хавдрын эмч бөгөөд бага наснаас минь л энэ талаар надад мэдээлэл, ойлголт өгч ирсэн. Би бага байхад ээж минь ХСҮТ-д хавдартай хүүхдүүдэд зориулсан хүүхдийн өрөө байгуулж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тиймээс би том болоод өөрийн мэддэг зүйлээрээ хүмүүст туслах ёстой гэж бодсон. Миний мэддэг зүйл бол хоол. Хавдартай хүмүүс ямар хоол хүнс хэрэглэх ёстой талаар гарын авлага боловсруулж, түүндээ олон хүнээс эерэг хариу авч байсан. Дараа жил нь энэ санаагаа улам өргөжүүлж, сэтгэл зүйч Ариунболортой хамтран сэтгэлзүйн зөвлөгөөтэй холбон шинэ гарын авлага гаргасан.
Японоос ирснээс хойш зургаа долоон жил болжээ. Энэ хугацаанд япон хэлээ мартах шинжтэй болсон тул ээжтэйгээ мөрий тавьж, япон хэлний нэгдүгээр зэргээ дахин авах зорилт тавьсан. Одоо япон хэл дээр ном уншиж, бэлтгэл хийж байна.
-Та хүүхдээ хүсэл сонирхлоор нь өсгөх, мэргэжлийг нь сонгоход хэрхэн чиглүүлж, дэмжихийг зорьж байна вэ?
-Хүмүүс надаас ихэвчлэн аавынхаа мэргэжлийг авсан уу, ээжийнхээ мэргэжлийг авсан уу гэж асуудаг. Би бол аль алийг нь авсан гэж хариулдаг. Эмч болох хүсэлтэй байсан ч химийн хичээлдээ тааруу байсан учир тэр мөрөөдлөө орхисон. Гэхдээ би ээжийнхээ цагаан халадыг өвлөсөн. Харин манай аав сийлбэрчин хүн. Надад түүний гарын ур дүй удамшаагүй ч би аавынхаа хутгыг өвлөсөн. Тэгээд хутга, цагаан халад хоёрыг нийлүүлээд тогооч болсон гэж хэлэхдээ их дуртай байдаг.
Аав, ээж хоёроороо бахархдаг нэг зүйл бол тэд хүүхдийг хэзээ ч хүчээр шахдаггүй байсан явдал. Чи ийм бай, тийм бол гэж тулгахын оронд хазайх үед нь хамгийн зөв замыг нь зааж өгдөг байсан. Аав намайг би зурдаг болохоор чи бас зур гэж хэзээ ч шаарддаггүй байсан. Хэрэв тэгж шахсан бол би магадгүй зурдаг хүн л болох байсан байх. Харин шахаагүй учраас би өөрөө зуръя гэж бодоогүй. Гэхдээ ааваасаа би нэг зүйлийг сайн ойлгосон. Тэр нь хүн мэргэжлийн байна гэдэг ямар сайхан, мэргэжлийн байснаараа үнэлэгдэнэ гэдэг ямар бахархам зүйл болохыг харж авсан.
Судалгаанаас харахад, аав ээждээ шахагдаагүй хүүхдүүдийн дийлэнх нь хэрэв намайг шахсан бол би илүү амжилтад хүрэх байсан гэж боддог аж. Тэгээд тэд эсрэгээрээ өөрсдийн хүүхдийг хүчээр шахдаг болдог. Харин би одоогоор хүүхдээ тэгж шахах бодолгүй байгаа. Миний хүүхэд хэрэв E-спортын тамирчин болно гэвэл би дэмжинэ, спортын тамирчин болно гэвэл мөн л дэмжинэ. Харин эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй мэргэжил сонговол энэ үнэхээр чиний чин хүсэл мөн үү гэж сайн ярилцана. Чин хүсэл нь мөн бол аль ч тохиолдолд би дэмжих болно.
-Төгсгөлд нь танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Төгсгөлд нь хэлэхэд, энэ мэргэжлийг эзэмшиж, өдий зэрэгтээ ажиллах замыг минь зөв чиглүүлж, үргэлж дэмжиж ирсэн аав, ээждээ чин сэтгэлээсээ талархаж байна. Эрэгтэй хүн болохоороо заримдаа ичээд хэлж чаддаггүй ч хайртай шүү гэж хэлмээр байдаг.
Мөн хамгийн ойр дотныхон, ханьдаа баярласнаа энэ удаад илэрхийлмээр байна. Өдөр бүр хайртай шүү, их хичээж байгаа шүү гэж хэлдэг ч олон нийтийн өмнө ингэж албан ёсоор хэлж байгаагүй. Арыг минь бат дааж, хоёр хүүхдээ эрүүл энх өсгөн хүмүүжүүлж, надад ажлаа санаа зоволтгүй хийх боломж олгож байгаад үнэхээр их талархаж байна. Хайртай шүү.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн