Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуульд нэг ангид 60 гаруй хүүхэд суралцаж байгаа нь сургуулийн багтаамжийг дөрөв дахин хэтрүүлжээ. Тус сургууль 1-12 дугаар ангийн нийт 83 бүлэгтэй бөгөөд зөвхөн дунд ангид 27 бүлэг бий. Эдгээр бүлгүүд нэг ангид 43-66 хүүхэдтэйгээр хичээллэж байгаа нь сургалтын орчинд хүндрэл үүсгэжээ. Тийнхүү сургуулийн ачаалал 4.7 дахин нэмэгдэж, шинэ хичээлийн жилийг 4300 сурагчтайгаар эхлүүлжээ. Үүнтэй адил нийслэлийн 34 дүгээр сургуулийн ачаалал ч гурав дахин хэтэрсэн байна. Ангиудад хэт олон хүүхэд суралцаж байгаа нь сурагчдын анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлж, хичээллэх орчинг хүндрүүлж байгааг сурагчид ч, багш нар ч хэлж байна. Энэхүү асуудалд ямар арга хэмжээ авч ажиллах талаар Нийслэлийн Боловсролын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхбилэгээс тодрууллаа.
-Нийслэлд хэд хэдэн сургуульд 3-4 дахин багтаамж хэтэрсэн асуудал гараад байна. Жишээлбэл 130-р сургуулийн нэг ангид гэхэд 60 гаруй хүүхэд суралцаж байна. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 326 сургууль үйл ажиллагаа явуулж, нийтдээ 412 мянга орчим хүүхэд суралцаж байна. Зургаадугаар сард хийсэн тооцооллоор 36 сургууль гурван ээлжээр хичээллэх магадлалтай гэж үзсэн бөгөөд энэ нь 19 мянга гаруй хүүхдэд хамаарах байв. Үүнтэй холбогдуулан боловсролын байгууллагууд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Зарим сургууль дотоод нөөц бололцоогоо ашиглан асуудлаа зохицуулсан бол зарим нь сургалтын зориулалтаар ашиглаж болох байр, танхимыг түрээслэн анги танхимын хомсдлыг нөхөж байна. Мөн шинээр сургууль, цэцэрлэг барих, ашиглалтад оруулах ажлууд зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 34 сургууль түрээсийн байр ашиглаж байгаа бөгөөд гурван сургуульд буюу 141, 14, 163 дугаар сургуульд хүндрэл тулгараад байна. Эдгээр сургууль нь гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд 14, 163 дугаар сургуулийн хувьд ойрын 14 хоногт түрээсийн байрны тохижилт хийгдэж дуусахаар байгаа. Харин 141-р сургуулийн хувьд түрээслэх боломжтой объектыг судалж байгаа юм.
Анги дүүргэлтийн хувьд байрлал, хүн амын төвлөрлөөс хамаарч харилцан адилгүй байгаа ч, ялангуяа бага ангийн түвшинд нэг ангид 50-60 хүүхэд суралцах тохиолдол олон байна. Жишээлбэл, нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургууль нь тухайн хэсгийнхээ ганц байгаа улсын сургууль бөгөөд ойр хавьд нь олон хотхон, хороолол байрладаг.
-Түрээсэлж байгаа газруудын орчин хүндрэлтэй байна гэх асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгвөл.
-Түрээсийн байр ашиглах асуудлыг зөвхөн боломжтой, шаардлага хангасан объектод л хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Боловсролын үнэлгээний газрын ажлын хэсэг газар дээр нь очиж шалгалт хийж, сургалтын зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг шалгадаг. Хэрэв шаардлага хангахгүй гэж үзвэл тухайн объектоос татгалзаж, сурагчдын аюулгүй байдал, сургалтын орчинд нийцсэн байрыг сонгон түрээслэж байна. Мөн тухайн сургуулийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж, аль болох ойр орчмын байр, танхимыг сонгон түрээсэлж байгаа нь сурагчдын сурч боловсрох нөхцөлийг дөхөм болгож байгаа юм.
-Анги дүүргэлтийн хувьд нэлээд их хүүхэдтэй ангид хичээл зааж байгаа багш нарт ямар тусламж үзүүлж байгаа вэ?
-Багшийн хөгжлийн тухай хуулийн дагуу 40-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажиллуулах боломжтой. Зарим сургууль энэ зохицуулалтыг ашиглан туслах багш авч, сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдүүлээд байна. Харин 40-өөс доош хүүхэдтэй ангид нийслэлээс зохион байгуулалтын зөвлөгөө, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүлгүүдийн дүүргэлт 40-50 хүүхдийн хооронд харилцан адилгүй байна.
Энэ хичээлийн жилд нийслэлд ачаалал өндөртэй бүсүүдийн нөхцөл байдлыг харгалзан нийт 53 сургуульд хосолсон сургалтыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ арга нь багшийн болон сургуулийн ачааллыг бууруулах, сурагчдын бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Тодруулбал, долоо хоногт гурваас дээш цагаар ордог зарим хичээл дээр 1-2 цагийг цахим болон танхим хосолсон хэлбэрээр явуулах зохицуулалт хийгдэнэ. Өнгөрсөн жил туршилтын журмаар хэрэгжүүлж үзэхэд боломжтой нь батлагдсан тул энэ жилээс өргөн хүрээнд хэрэгжүүлж эхэлж байна. Ингэснээр сургуулийн танхимын ачаалал багасч, хичээлийн цагийн хуваарилалт оновчтой болж, багшийн ачаалал буурах эерэг үр дүн гарах хүлээлттэй байна.
-Багшийн дутагдал энэ жил хэр их байсан бэ?
-Наймдугаар сард нийслэлийн хэмжээнд багш, ажилтны дутагдлын судалгаа авсан бөгөөд уг мэдээллийг нэгж байгууллагуудад хүргэж, иргэдтэй холбох ажлыг зохион байгуулсан. Энэ жил багш мэргэжлээр нийт 2780 орчим хүн төгссөн нь нийслэлд шаардлагатай орон тооноос илүү байгаа тул нийтлэг багшийн дутагдал шийдэгдэх боломжтой гэж үзэж байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй уялдуулан есдүгээр сард дахин судалгаа авч, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлдог уламжлалтай. Урьдчилсан байдлаар байгалийн ухааны зарим мэргэжлээс бусдыг нь хангалттай нөхөж чадсан харагдаж байна.
-Өмнөх жилүүдэд багтаамж хэтэрсэн асуудал хэр их байсан бэ. Энэ жил харьцангуй их ачаалалтай байна уу?
-Сүүлийн жилүүдэд гурван ээлжийн сургалтын асуудал тогтмол тулгарч ирсэн. Жишээлбэл, өнгөрсөн хичээлийн жилд 30-40 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байсан ч шинэ хичээлийн жил эхлэхэд найман сургууль гурван ээлжээр хичээллэсэн. Хичээлийн явцад шинээр барилга, байгууламж ашиглалтад орсноор асуудлыг үе шаттай шийдвэрлэж, эхний улирал дуусахад бүх сургууль хоёр ээлжинд шилжсэн.
Харин энэ хичээлийн жилд нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дээрдэж, зөвхөн гурван сургуульд л гурван ээлжийн сургалтын хүндрэл гарсан байна. Эдгээрээс хоёр сургуулийн асуудал ойрын хугацаанд шийдэгдэхээр байгаа нь ээлжийн сургалтыг бууруулах чиглэлд ахиц гарч байгаа юм.
-Шинээр сургууль ашиглалтад орсон ч тохижилт хийгдээгүй гэх асуудал яригдаж байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас энэ сарын сүүлчээр 18 барилга, байгууламжийн тоног төхөөрөмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төлөвлөсөн. Тоног төхөөрөмжийг нэг дор бүх сургуульд олгох боломжгүй тул үе шаттайгаар шийдвэрлэж байгаа. Шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламж бүрийг Ерөнхий сайдын чиглэлийн дагуу зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм.