Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охины хамт Хятадын цэргийн парадад оролцоно

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охины хамт Хятадын цэргийн парадад оролцоно
Нийтэлсэн 7 минутын өмнө
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охин Ким Жу Э-тэй хамт Бээжинд хүрэлцэн ирж, Хятадын зохион байгуулж буй хамгийн том цэргийн парадад оролцохоор болжээ.
Тэрээр өнөөдөр болох “Ялалтын өдөр”-ийн парадад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон бусад дэлхийн удирдагчидтай мөр зэрэгцэн суух юм. Ши Жиньпин уг парадыг Дэлхийн II дайны төгсгөлд Япон улс бууж өгсний 80 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа билээ.
Ким Жон Ун хуягт галт тэргээрээ Бээжингийн төмөр замын буудалд охиныхоо хамт ирж буй агшинг хэвлэлүүд дурандаа буулгажээ. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага өмнө нь түүнийг Ким Жон Ун-ы залгамжлагч болох хамгийн магадлалтай хүн гэж тодорхойлж байв.
Охин Ким Жу Э нь 2022 оны арваннэгдүгээр сард олон нийтэд анх гарч ирснээс хойш аавынхаа дэргэд байнга харагдах болсон ч түүнтэй холбоотой мэдээлэл маш хомс. Насны хувьд ч зөрүүтэй мэдээлэл бий. 2023 онд Өмнөд Солонгосын Тагнуулын алба түүнийг 10 орчим настай гэж мэдээлж байв.
Энэхүү цэргийн парад Ши Жиньпиний хувьд чухал үед болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын гаалийн тариф дэлхийн худалдааны тогтолцоог ганхуулсны дараа Ши Жиньпин Хятадыг найдвартай худалдааны түнш гэж харуулахыг зорьжээ. Парад нь Хятадын АНУ-тай өрсөлдөх цэргийн чадавхыг харуулах нэг боломж юм. 70 минут үргэлжлэх энэ арга хэмжээнд зуу зуун нисэх онгоц, танк, нисгэгчгүй онгоцны эсрэг систем зэрэг хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникийг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Иран, Куба зэрэг улсын удирдагчдыг оролцуулан нийт 26 орны төрийн тэргүүнүүд Тяньаньмэний талбайгаар дайран өнгөрөх парадад оролцоно. Мөн Индонез, Малайз, Мьянмар, Вьетнамын удирдагчид уригдсан нь Хятадын Зүүн Өмнөд Азийн хөршүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж буйг харуулж байна.
Хойд Солонгосын удирдагч Хятадын цэргийн парадад оролцож буй нь олон арван жилийн дараах анхны тохиолдол юм. Сүүлд 1959 онд түүний өвөө, Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сен Бээжингийн парадад оролцож байжээ.
Европын Холбооноос зөвхөн Словакын Ерөнхий сайд Роберт Фицо ирэх бол Болгар, Унгар төлөөлөгчид илгээнэ. Хятад улс Оросын түрэмгийллийг буруушаагаагүй бөгөөд барууны орнууд тэднийг Оросын дайныг дэмжиж байна гэж буруутгадаг. Мягмар гарагт болсон уулзалтын дараа Путин Ши Жиньпинийг “найз” гэж нэрлэсэн бол Хятадын төрийн хэвлэл хоёр орны харилцааг “жишиг харилцаа” гэж тодорхойлжээ.
Ким Жон Ун гадаадын орнуудад маш ховор зочилдог бөгөөд сүүлийн жилүүдэд зөвхөн Путинтэй хоёр удаа уулзсан байна. Түүний сүүлчийн Бээжингийн айлчлал нь 2019 онд хоёр орны дипломат харилцааны 70 жилийн ойн үеэр тохиож байв.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн