Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсныхаа дараа танхимынхаа сайд нартай өргөн хүрээний хэвлэлийн хурал хийсэн билээ. Өмнөх танхимаас ялгаатай нь, мэдээллийг илүү нээлттэй ил тод, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байгаа нь мэдээж сайшаалтай.
Гэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарын хийсэн мэдээлэлд олон нийтэд таалагдахын тулд хэт дэгсдүүлсэн өнгө аяс ч зухалзаж байлаа. Ялангуяа УИХ-д өргөн баригдаагүй татварын багц хуулийг баталсан мэтээр мэдээлж, 2026 оноос иргэн, аж ахуйн нэгжид ирэх татварын ачаалал эрс буурах мэтээр ярив. 2026 оны төсвийн төслийг дагалдуулан ганцхан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсвийг өргөн барьсан байна. Энэ нь НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг худалдан авалтын дүнгээс хамаарч 2, 5, 10 хувиар тооцохоор тусгажээ.
Харин бусад татвартай холбоотой мэдээлэл нь хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй, төслийн хэмжээнд яригдаж байгаа асуудлууд юм. Мөн намрын чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийгээд эхлээд 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Төсөв батлагдсаны дараагаас татварын багц өргөн баригдвал хэлэлцэж таарна.
Засгийн газар татварын багц хуулийн төслийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, Татварын ерөнхий хуулийг өөрчлөхөөр зэхэж байгаа бөгөөд одоогоор Сангийн яамны сайтад л байршсан байдалтай байгаа. УИХ-д өргөн бариагүй, батлагдаагүй гэсэн үг. Харин Ерөнхий сайд "2026 оны төсвийн төсөлд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулсан, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 сая төгрөг байгааг 400 сая төгрөг болгоно, жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх ААНБ-ууд 1 хувийн татвар төлдөг болно" зэргийг мэдээлэлдээ онцолсон. Гэвч эдгээр өөрчлөлт нь 2026 оноос хэрэгжих эсэх тодорхойгүй бөгөөд хууль нь батлагдаагүйг иргэн, ААНБ-уудад сануулъя.
Хэрвээ УИХ энэ намартаа багтаад татварын багц хуулийн төслийг баталлаа ч 2026 он бус 2027 оноос хэрэгжиж магадлалтай. Учир нь, 2026 оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэлд татварын хуулиудыг өөрчилснөөр хэдий хэмжээний орлого, зарлагын өөрчлөлт орохыг бүрэн тусгаагүй учраас шууд хэрэгжих боломжгүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төсөлд тусгасан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн заалтыг шууд 2026 оноос шууд хэрэгжих боломжтой мэтээр ярьж, мэдээлсэн нь олон нийтэд таалагдах гэсэн улстөрчийн л попролт юм.