Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулсан.
Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонгож, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахаар болсон.
Тэгвэл УИХ-ын Хянан шалгах түр хороо үндсэн хоёр асуудалд анхаарал хандуулан ажиллах аж. Нэг нь Оюу толгой бүлэг ордод хамаарах лицензийн эрх шилжүүлэхтэй холбоотой асуудал, нөгөө нь Оюу толгой төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарч, үр дүн гаргах төлөвлөгөөтэй байгаа юм. Сүүлийн үед Түр хорооны дарга О.Батнайрамдал хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр Оюу толгойн төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах асуудлыг нэлээд хүчтэй ярьж эхлээд байна.
Товчхондоо, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчдад зээлийн хүүг бууруулах шахалт тавиад эхэлжээ. Хуулиар УИХ-ын хянан шалгах түр хороо зургаан сар ажиллаад татан буугдах ёстой. Тэгэхээр Түр хороо энэ намар Оюу толгой хөрөнгө оруулагчидтай зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээр хийх, Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд үе шаттай ажлууд хийх юм байна. Нэг шинэ мэдээлэл байгаа нь, Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар Монгол Улсын Засгийн газар долоон жилд нэг удаа зээлийн хүүг бууруулах хөрөнгө оруулагч талд тавих бүрэн эрхтэй бөгөөд энэ боломжоо ашиглах ёстой гэж УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдэгдээд байгаа юм.