Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлтэй холбоотойгоор холбогдох сайдууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ирэх онд 90 сая тонн нүүрс экспортолно тооцоолсон байна. Үүнийг түүхэн дээд хэмжээ гэж харж байна. Хил холболтын цэг ашиглалтад орно гэж томоор тооцож байна уу. Энэ ер нь биелэх боломжтой юу?
-2026 оны улсын төсвийн төслийн талаар тодруулбал нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэнэ гэсэн тооцоо тусгагдсан. Энэ нь өндөр хэмжээ бөгөөд хил холболтын цэгүүд ашиглалтад орох, тээвэр ложистикийн чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотой. Одоогийн байдлаар 85 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж, уул уурхайн компаниудад үүрэг даалгавар өгсөн бөгөөд энэ зорилт биелэх боломжтой гэж үзэж байна.
Төсвийн зарлагын бүтцийн хувьд урсгал зардлыг бууруулах чиглэл баримталж байна. Өмнөх жилүүдэд урсгал зардал ДНБ-ий 27–28 хувьд хүрч байсан бол ирэх жилийн төсөвт 24 хувьд багтаахаар төлөвлөсөн нь чухал алхам юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг илүү оновчтой зарцуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлоготой уялдуулж, үе шаттайгаар урсгал зардлыг бууруулах зорилго тавьсан юм.
-ААН татварын дарамт болоод ХХОАТ-ыг бууруулах асуудал юу болсон бэ?
-ААН болон иргэдийн татварын дарамтыг багасгах хүрээнд татварын шинэчлэл хийгдэж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) тогтолцоог боловсронгуй болгож, бүртгэл, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ систем нэвтрүүлэхээр бэлтгэж байна. 2016 онд e-баримтын системийг нэвтрүүлснээр татварын суурь хурдан сайжирч, худалдан авалтыг өдөр бүр нарийвчлан бүртгэх боломж бүрдсэн. Одоо бүртгэлгүй худалдаа эрхлэгчид аажмаар албан ёсны системд нэгдэх замаар ил тод байдал нэмэгдэж, татварын орлого өсөхөөр байна. Энэ нь аймаг, сумдын төсвийн орлогыг нэмэгдүүлж, төвлөрсөн төсвөөс олгодог татаасыг бууруулах боломжийг бүрдүүлнэ. Ерөнхий зорилго нь хувийн хэвшилд дарамт үүсгэхгүйгээр эдийн засгийг тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм.
Хөрөнгө оруулалтын хувьд нийслэлд газар чөлөөлөлтийн ажлыг эрчимтэй хийснээр ирэх онд дөрвөн сургууль, хоёр цэцэрлэгийн барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Үүнээс гадна үлдсэн 40 сургуулийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Гадаад зээл, тусламжийн хувьд 2026 онд энэ оны хэмжээнээс нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд 1.5 их наяд төгрөгийн зээл авах тооцоо гарсан. Ингэснээр Засгийн газрын өр нэмэгдэх хэдий ч ДНБ-ий хэмжээ зэрэгцэн өсөх тул өрийн дарамт зохистой түвшинд хадгалагдах боломжтой гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын өрийн сахилга бат сайжирсан нь энэ боломжийг бүрдүүлсэн.
-Мөнгөний бодлого болон төсвийн бодлогоо хэрхэн уялдуулж инфляцыг бууруулахад яаж ажиллах вэ?
-Инфляц Засгийн газрын бодлого биш. Төв банкны бодлогын цөм нь юм. Төлбөрийн тэнцлээ тооцоолж байх ёстой институц нь Засгийн газар. Энэ сувгаараа Төв банкныхаа инфляцыг нам дор барих ёстой бодлогод нь хамтарч ажиллана гэсэн үг.
Хэрэв ядуурлын эсрэг ажиллая гэвэл хамгийн том зорилго нь бодит орлогоо хамгаалж, инфляцыг нам дор түвшинд байлгах ёстой.
Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа холбоог сайжруулах нь инфляцыг тогтворжуулахад чухал үүрэгтэй. Төсвийн тэлэлтээ бид мөнгөний хатуу бодлоготой уялдуулах болно.
Ерөнхий сайд Г.Занданшатар
-Төсөв нь ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэх ёстой гэж ойлгодог. 2026 оны төсвийг ингэж баталснаар хэчнээн ажлын байрыг шинээр бий болгож, ядуурлыг хэрхэн бууруулах боломжтой гэж төсвийн төсөлд чиглэгдсэн бэ?
-2026 оны улсын төсөв нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн зорилготойгоор батлагдсан. Төсвийн бодлогоор дамжуулан шинээр ажлын байр бий болгож, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийг гол зорилтоо болгосон. Энэ утгаараа төсвийн тодотголын хүрээнд 2.3 их наяд төгрөгийн таналт хийсэн нь валютын ханш, инфляцын дарамтыг тогтворжуулах чухал алхам болсон юм. Хэрэв ийм арга хэмжээ аваагүй бол инфляц болон ханшийн өсөлт эрс нэмэгдэж, иргэдийн өдөр тутмын амьдралд томоохон дарамт учрах байлаа.
-Урсгал зардлыг 25 хувьд барьж байна гэсэн. Гэхдээ нийт төсвийн зарлагыг 25 хувь руу бууруулах боломж байгаагүй юу. Тавхан жилийн өмнө Монгол Улсын төсөв 11 их наяд төгрөг байсан. Өнөөдрийн оруулж ирж байгаа төсвөөс гурав дахин бага төсвөөр Монгол Улс ажиллаж болж байсан. Ирэх оны төсвийн таналт бодитой байгаа юу?
-Төсвийн зарлагын бүтцэд урсгал зардлын өсөлт гол нөлөө үзүүлдэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэгдүүлнэ. Зөвхөн энэ зардалд 323 тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Түүнчлэн хүүхдийн тоо өссөнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгөнд 1.5 их наяд төгрөг төсөвлөжээ. Өмнөх 11 их наяд төгрөгийн төсөвтэй харьцуулахад өнөөгийн төсвийн хэмжээ нэмэгдсэн нь зөвхөн инфляцын нөлөөлөл төдийгүй нийгмийн халамжийн зарлагын өсөлттэй холбоотой. Түүхий эдийн үнэ өсөх мөчлөгийг даган урсгал зардлаа нэмдэг байсан практикийг хязгаарлаж байгаа нь энэ удаагийн төсвийн онцлог юм.
Нийгмийн зардлын өсөлт нь зайлшгүй шаардлагатай. Тэтгэвэр, цалинг бууруулах боломжгүйгээс гадна багш, эмчийн цалин нэмэгдэх шаардлагатай. Мөн хүүхдийн тоо нэмэгдэж, жил бүрийн оюутан сурагчдын өсөлт боловсролын хүртээмжид шууд нөлөөлж байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75–77 болж нэмэгдсэн нь Нийгмийн даатгалын сангийн зардлыг өсгөж байгаа хэдий ч энэ нь ирээдүйн чухал хөрөнгө оруулалт болж байна.
-365 суманд иргэдэд үйлчлэх төв байгуулна гэж байсан. Соёлын төв гэдэг нь дүрээ хувиргаад ийм төв болж байгаа юм уу. Ер нь сум болгонд төрийн өмчит төв барих нь зөв үү?
-Соёлын яамнаас санаачилж буй соёл, хүний хөгжлийн төвүүдийг зөвхөн тоглолт, уулзалтын зориулалтаар бус, иргэдийн хөгжил, уламжлалт ёс заншлаа сурч, өвлүүлэх орон зай болгохоор ажиллаж байгаа юм.
-Төрийн өмчит компаниудын төсвийг нийлүүлэх юм бол улсын төсвийн нийт агууламж ДНБ-ий 50 хувийг давсан. Төрийн өмчит компаниудаа бодитой бууруулахгүй юм уу?
-Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд олон байгууллагыг татан буулгаж, бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, зардлыг бууруулж байна. Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш ашигт ажиллагаа гурав дахин өсөж, борлуулалт мөн гурав дахин нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар компанийн ашигтай ажиллагааны зорилтыг 3 их наядаас 4 их наяд болгон нэмэгдүүлсэн юм. Цаашид ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор гангийн үйлдвэрийн тендерийг энэ оны есдүгээр сард зарлаж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ган болон зэсийн үйлдвэрлэлээр 100 мянга орчим шууд болон дам ажлын байр бий болно. Үүнээс гадна мах, ноос, ноолуур, арьс шир, газар тариалангийн салбарын үйлдвэрлэл сэргэж, өсөлт үзүүлж байна.
Монгол Улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг олон улсын байгууллагууд эерэгээр үнэлсээр байна. Төгрөгийн зээлжих зэрэглэл B+ түвшинд хадгалагдаж байгаа нь Дэлхийн банк болон олон улсын үнэлгээний агентлагуудын зүгээс манай Засгийн газрын бодлогыг зөв үнэлж байгаа жишээ юм.
Дэлхийн олон улс орон эдийн засгийн хүндрэл, тарифын дайны улмаас үнэлгээгээ бууруулж байгаа энэ үед манай улс тогтвортой байдлаа хадгалж байгаа нь онцлох үзүүлэлт болж байна. Мөн Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Сибирийн хүч-2 хийн хоолойн төсөл хэрэгжихээр болсон нь стратегийн томоохон алхам юм. Хятадын компанитай хамтарсан энэхүү төсөл нь Монгол Улсын эдийн засагт шинэ боломж авчирч, гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
-Алдагдалтай төсөв баталж байгаа асуудалд тайлбар өгнө үү?
-Алдагдалтай төсөв баталж байгаа талаар онолын хувьд эдийн засгийн мөчлөгийн үед ийм байдал байх нь зүй ёсны үзэгдэл юм. Зарим томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн гадаад зээл, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээл төсөвт зардал болон бүртгэгдэж байгаа нь алдагдлыг нэмэгдүүлж байна.
-Сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 24 байршилд газар чөлөөлөх ажилд 70 тэрбум төгрөг төсөвлөсөн. Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих зорилгоор гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр баталж, хиймэл оюун ухааныг ашигласан сургалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн багш нарын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах чиглэлээр үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахаар болсон юм.